| | USD/MNT 0₮

Л.Мөнхбаясгалан: Л.Оюун-Эрдэнэ сайд аа “ЖИНХЭНЭ НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЧИНЬ 1992 ОНООС ЭХЭЛСЭН ЮМ АА”

Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажлаа өгч, өнгөрсөн хугацаанд улс төрийн нөлөөллөөр албан тушаалаа урвуулан ашиглаж, иргэдийн боломжийг булааж, Дэлхийн хэмжээнд үнэлэгдэхүйц хөлжсөн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхээр жагсаж буй иргэд анхаарлын төвд байна.

Эсэргүүцлийн жагсаал өнөөдөр Талбай дээр 30 гэр барьж үргэлжилнэ. Жагсаалын талаар олон талын хардлага болон шүүмжлэлүүд цахим орчинд хүчтэй өрнөж байна. Хамгийн их анхаарал татаж байгаа нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэг нүүрсний гэх тодотголтой хулгайг илчилж чадахгүй. Эл хулгай энэ жил анх үйлдэгдээгүй 1992 оноос эхлэлтэй гэх утга бүхий постыг өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр,

Оюукад харамсан учирлах нь...

-Монгол улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ танаа-

Нэгэн цагийн анд чинь болох Мөнхбаясаагаас харамсан сануулах учир байна. Чи яах гэж Нүүрсний хулгайтай тэмцэв. Хэнийг гарч ирнэ гэж бодоо вэ. Мөнөөх л MCS , мөнөөх л Ч.Хүрэлбаатар, мөнөөх л Сү гарч ирнэ гэдгийг тооцсонгүй юу. Мөнөөх л Энержи ресурс гарч ирэх нь тодорхой шүү дээ. Тэдэнтэй шударга тэмцэнэ гэж санаа юу. Үе үеийн энэ хулгайч нартай тэмцээд гудамжинд гарч юу ч үгүй болсон, шоронд орсон хүмүүс олон гэдгийг мэдсэнгүй юу. Салхитын ордыг хятадуудаас хурааж аваад ахмадын зээлийг тэглэдэг шигээ санаа юу. Дээд шүүхийн 17 шүүгчийг нэг зарлигаар түдгэлзүүлээд шалгадаг шиг болно гэж бодоо юу. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ -наас хурааж авсан шиг хөдлөнө гэж санав уу. Жинхэнэ нүүрсний хулгай чинь 1992 оноос эхэлсэн юм аа. Бороо гоулдын 41 тонн алтыг татваргүй гаргаж, Тавантолгойг 3 удаа хулгайлах гэж оролдоход тэргүүлж явсан Сү.Батболд ахын чинь тавиулууд танхимд чинь сайд болоод сууж байна шүү дээ. Эрдэнэтийн 49 хувийг ХХБ- д өгөхөд Шадар сайд нь явсан нөхөр шүүх прокурорыг чинь томилоод толгой дээр чинь сууж байхад чи яаж хөдлөх юм бэ.

2012 онд Тавантолгойн Зүүнх Цанхыг Хятадын Чалкод 350 сая доллараар барьцаалж мөнгө аваад 410 сая доллар болгож МУ-ын 4 Засгийн газар 7 жилийн турш төлж барагдуулсан түүхийн эзэн хажууд чинь Шадар сайдын статустай гэтэж явааг мэдсэнгүй гэж үү. Нүүрсний топ хулгайч Сү гийн дүү Гаалийн даргаар чинь ажиллаж буйг мартав уу. Сүүлийн 4 жил Сангийн сайд хийсэн Хотгор шанагын хулгайчийг Засагт чинь шахсаныг умартав уу. Танай Засгийн газрын тэмцэн байж буулгаж авсан Рио Тинтогийн гэрээг гардан үйлдсэн нөхөр сөрөг хүчний чинь дарга болохоор прокуророор цагаадчихаад 12- р сарын 24 нд Төрийн ордонд бүрээ бөмбөр нүдэх гэж буйг мэдсэнгүй гэж үү.

Зууны хулгайчийг цагаатгасан Прокурор одоо нүүрсний хулгай илрүүлнэ гэдэгт итгэлээ гэж үү. Тавантолгойг авах гэсэн, Эрдэнэтийн 49 хувийг хураалгасандаа, Салхитын ордыг алдсандаа шаралхсан этгээдүүд нөгөө талд чинь бодитоор үгсэн хуйвалдаж буйг харсангүй юу. Оюукаа, чамд үнэхээр улс төрийн туршлага дутлаа. Би харамсаж байна. Харамссандаа үүнийг бичиж байна. Одоо дэргэд чинь байгаа бүхэн урвана. Уулзуутаа бөхөлзөж байсан болгон дэвсэнэ. Ядуу дутуу амьдарч байгаа ард түмний хилэнгийн гал руу чамайг ганцааранг чинь шиднэ. Гэвч энэ хилэнгийн гал үүгээр унтрахгүй. Хэрэв унтрахгүй бол төрийн эргэлт ч болж магадгүй. Ийм нөхцөл чамд тулгахад чи өөрөө огцрох мэдэгдлээ хийнэ. Улс төр гэж ийм байдаг. Жинхэнэ хулгайч нар чинь энэ. Энэ бүх нууцыг чи өөртөө тээгээд улс төрийн үхдэл болох уу, үзэл санаа тэмцэлдээ үнэнч үлдэх үү ...энэ сонголт хэцүү. Хэрэв хоёрдахь сонголтыг хийвэл Монголын хамгийн хүчирхэг олон дайсантай хүн болно. Тэмцэл ийм л байдаг, гэхдээ энэ бол төгсгөл биш. Үүнийг санаж яваарай... Ай 40 нас гэдэг улс төрийн хувьд гэнэн нас юм байжээ.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Ярилцлага

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.