| | USD/MNT 0₮

АВРАЛЫН ДУУНААР АЙДСАА ДАРАХ УХАНЬЧУУД

-Хайранд хил хязгаар гэж үгүй-

Хятад улсын Ухань хотод Коронавирус гарсан нь дэлхий нийтийг цочроож байгаа төдийгүй үүнтэй зэрэгцээд хүн төрөлхтөний дунд мөн чанарын, хүн чанарын тест давхар явагдаж байх шиг байна.

Улс үндэстэнг халдвараараа сөхрүүлж буй эл вирус бидний дотоод сэтгэлгээний вирусыг давхар хаман дэлгэж байна.

Олон нийтийн сүлжээ ид хүчээ аваад байгаа энэ нөхцөлд хүн бүхэн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгааг харахад зарим нэгийг нь барьж аваад үнсмээр сайхан пост хийдэг ч, зарим нэгийг нь цохиод авмаар санагдах тохиолдол өнгөрсөн өдрүүдэд ажиглагдлаа.

Хамгийн гол нь өнөөдөр Ухань хотод бидний мах цусны тасархай болсон 31 Монгол иргэн вирусын голомтод тусгаарлагдсан байна. Тэд өнөөдөр эх оронтой, ээж аавтай, элгэн садантай, энэрэх хайрлах найз нөхөдтэй хүмүүс. Тэд өнөөдөр эх орныхоо зүг саравчлан хараад сүү өргөж байгаа Монгол хүн.

Цэлмэг хөх тэнгэр, цэлүүн сайхан тал нутагтаа хурдан очих юмсан хэмээн хүсч мөрөөдөж яваа Монгол хүн.

Хүний газрын хүйтнийг, өөрийн нутгийн дулааныг мэдэрч яваа Монгол хүн. Хэзээ манай Монголын онгоц биднийг аваад явах бол гэж нүдээ чилээж суугаа Монгол хүн.

Гэтэл бид тэднийг ирж болохгүй, тэндээ бай, та хэд ирвэл бид хамтдаа үхнэ гэсэн “үхлийн санаа-”тай пост үйлдвэрлээд бусдад өгөөш хаяад сууж байна. Тэгвэл гадаадад үр хүүхдээ сургаж байгаа аав ээжүүд тэднийхээ араас хэчнээн их санаа зовинон суудгийг та нар мэдэх юм уу.

Өдөр бүр хүн болгонд хүүхдээ санаад байна гэж ярьж чадахгүй ээжийн үг сэтгэлийг та нар ойлгох юм уу. Хүний газар хүүгээ, охиноо явуулсан аав ээжүүд үргэлж санаа зовниж хүний газрын тэнгэрийн зүг сүүн цацал өргөөд л зогсдог юм. Өнөөдөр 31 Монгол зүрх тэнд цохилж байгаа гэж бодож байвал эндүүрэл. Тэдний ойр дотнынхон гээд тоочвол хамгийн багаар бодоход 500 гаруй Монгол энд элэг эгшээж, хоног тоолон утас ширтээстэй суугаа.

Уханьчуудын аврал эрсэн, айдсаа дарсан дуун дотор миний Монгол хүүхдүүд хамтдаа байгаа юм. Биднийг хэзээ авах бол гэж хаалттай хөшигний цаанаас нулимс дуслуулж, хүлээлтийн цэг дээр цагаа тааруулан сууж байна.

Сэтгүүлч Б.Сарантуяа

Хамгийн гол нь өнөөдөр Ухань хотод бидний мах цусны тасархай болсон 31 Монгол иргэн вирусын голомтод тусгаарлагдсан байна. Тэд өнөөдөр эх оронтой, ээж аавтай, элгэн садантай, энэрэх хайрлах найз нөхөдтэй хүмүүс. Тэд өнөөдөр эх орныхоо зүг саравчлан хараад сүү өргөж байгаа Монгол хүн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.