| | USD/MNT 0₮

БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш авчрах шаардлагагүй, хоёр үйлдвэр хэвийн ажиллаж нөөц хангалттай байна гэв

Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрт өнгөрсөн долоо хоногт БНХАУ-аас 100 тонн сайжруулсан шахмал түлш нууцаар оруулж ирж, айл өрхүүдэд худалдаж эхэллээ гэсэн мэдээлэл гарсан билээ. Түүгээр ч барахгүй энэ асуудлыг тагнуулын байгууллага шалгаж эхэллээ гэсэн мэдээлэл бий. Энэ талаар компанийн дарга Даваацэрэнгээс өнгөрсөн долоо хоногт тодруулахад "Ямар нэгэн мэдээлэл байхгүй. Мэдээд эргээд хэлье" гэсэн хариу өгсөн юм. Харин тухайн 100 тонн шахмал түлшийг Засгийн газарт мэдэгдэлгүй нууцаар оруулж ирж зарж байна. Зүүн бүсийн үйлдвэр нөөцгүйгээс болж түлшний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж ийнхүү Хятадаас шинжилгээнд оруулаагүй шахмал түлшийг оруулж ирж байна гэсэн хардлага олон нийтийн дунд үүссэн. Тэгвэл энэ асуудлаар манай сурвалжлах баг өчигдөр компанийн Зүүн бүсийн үйлдвэр дээр очиж ажилласан юм.

Тухайн үйлдвэрийн ерөнхий инженер Мөнхжаргал "Манай үйлдвэр түлшээ хэвийн үйлдвэрлэж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Одоогоор нөөц хангалттай бий. Бид шахмал түлш үйлдвэрлэхгүй байлаа гэхэд 45 хоногийн нөөцтэй байна. Нууцаар оруулж ирсэн шахмал түлш үйлдвэр дээр байхгүй. Та бүхэн үзэж харж болно. Хаанаас ямар зорилготой ийм худлаа мэдээлэл гарсныг мэдэхгүй. Тэр худлаа мэдээлэл тараасан албаныхан болон дарга нараас асууж тодруулаарай. Одоогоор ямар нэгэн хомсдол үүсээгүй, үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна шүү. 

Тэр хоёр өөр хэлбэр дүрстэй түлшний тухайд гэвэл манай хэвлэгч машинууд өөр болохоор нэг нь бөөрөнхий нөгөө нь зуувандуу хэлбэртэй том хэвлэгдсэн тохиолдол бий юм шүү. Түүнээс урдаас сайжруулсан шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлага байхгүй. Ямар зорилготой ард иргэдийн тархийг угааж худал мэдээлэл тарааж байгааг бол бид мэдэхгүй. Манайд тийм хэмжээний тонн түлш ирснийг ч бид мэдэхгүй. Энд 500 гаруй хүн ажиллаж байна шүү" гэлээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.