| | USD/MNT 0₮

Говь-Алтай аймгийн малчид малын эзэн биш үйлдвэрийн эзэд болж, хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийнэ

Moнгoл Улсын Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэржилт болон хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Алтайн хөгжлийн шийдэл гарц" малчдын зөвлөгөөн Говь-Алтай аймагт гурван өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус зөвлөгөөнд 18 сумын 3000 гаруй малчин оролцож, малчдад тулгамдаж байгаа асуудал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын санаа оноогоо хуваалцсан юм. Малчдад тулгамдаж байгаа өчнөөн асуудал байна. Тухайлбал, малын түүхий эд нь үнэгүйдэх, бэлчээрийн даац хэтрэх, эрүүл мэндийн асуудал гэх мэт олон асуудлыг хөндсөн үр бүтээлтэй зөвлөгөөн болсон талаар аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар онцолсон юм. Мөн түүнчлэн залуу малчдад тулгамдаж байгаа нэг асуудал бол гэр бүл болох асуудал. 

Гурван өдрийн зөвлөгөөнөөр малчдыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд оруулсан бөгөөд хоёр дахь өдөр нь 10 илтгэл тавьснаас Аймгийн Засаг даргын “Хорших уу, хоцрох уу-Хөгжих үү, үлдэх үү, хамтрах уу?-хаягдах уу” гэсэн илтгэл нэлээд анхаарал татсан. Мөн малын мах дайвар бүтээгдхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох сэдвээр “Монгол брэнд шийр индекс” ХХК-ийн захирал С.Алтансүх илтгэл тавьсан бол Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа талаар “Хорол коллекшн” ХХК-ийн захирал Г.Хүрэлсүх илтгэл тавилаа.

Малчид үйлдвэртэй болохыг санаачилж дэмжлээ

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Найман мянган малчнаас гурван мянган малчин буюу нийт малчин өрхийнхөө 40 гаруй хувийг цуглуулж хурал зөвлөгөөн хийлээ. Энэ зөвлөгөөний гол зорилго нь малчдыг нэгтгэх, цааш нь хөгжүүлэх, үйлдвэрийн эзэн байлгах тал дээр анхаарах. Малчид 30 жил өөр өөрийнхөө малыг маллаж иржээ. Бид 30 жилийн хугацаанд хөгжсөн үү гэдгийг малчдаасаа асуухад үгүй л гэж хариулна. Монголоор дүүрэн малчдын хоршоо байдаг. Гэтэл малчдаа хөгжүүлсэн юм алга. Зөвхөн ноос ноолуур, мах сүүний урамшуулал гэж амь аргацсаан төдий. Тиймээс Монголын хөдөө аж ахуйнд өөрчлөлт хийе. Малын гаралтай түүхий эдээрээ бүтээгдэхүүн хийж, хувьцаат компани байгуулж орон нутгаа болон нийслэлийг цаашлаад дэлхийн зах зээл дээр гаргах боломжтой. Малчид яагаад өөрсдөө үйлдвэртэй байж болдоггүй юм бэ. Малчдын 99 хувь нь үйлдвэртэй болохыг дэмжлээ. Яг ямар үйлдвэр байгуулахыг, малчид ямар хөрөнгө санхүүгээрээ хоршиж хамтрах талаар судалгаа хийнэ, техник эдийн засгийн үндэслэлээ гаргаж ирнэ. Олон сайхан ажил хийнэ. Ний нуугүй хэлэхэд Монголын малчдын сүүлийн 30 жилд гараагүй эргэлт тэсрэлт. Тархинд дотроо багтаасан юмыг ажил болгоход асуудалгүй” гэлээ. 

Малчдад тулгамдаж байгаа нэг асуудал гэр бүлийн байдал 

Малчдад нэгдүгээрт тулгамдсан асуудал бол гэр бүл байна. Малчин залуучууд олон байна. Эмэгтэйчүүд нь сургууль соёл гээд хот хүрээ явчих юм. Сум дотроо багийн иргэд хоорондоо суух гэхээр хамаатан садан болчихно. Энэ нь нөгөө цус ойртолт болно гэсэн үг. Судалгаа сонсоход Монгол Улсад цус ойртолтоор Говь-Алтай аймаг хамгийн өндөрт орж байна.  Өнгөрсөн наймдугаар сард Ховдын Дөргөн нуурын хөвөөнд гэр бүлгүй залуусын чуулга уулзалтыг анх удаа хийсэн. Олон нийтийн сүлжээгээр их шүүмжилж байсан ч эцэстээ зөв зүйтэй ажил байсан. Нийтдээ 700 гаруй залуус ирснээс 60 гаруй хувь нь залуус 30 гаруй хувь нь эмэгтэйчүүд байсан. Саяхан Баян-Уул сумаас хоёр залуу энэ уулзалт явснаас нэг нь амжилттай, эхнэртэй болсон байсан. 

Малчдын дийлэнх хадгаламжтай учраас орон сууцжуулна

Манай аймгийн малчид бол үйлдвэрлэгчид болно, аймгийнхаа Итгэлт баянгууд болно. Хөрөнгө оруулалтыг ард иргэддээ хийдэггүй юм байна. Тийм учраас сум болгон инженерийн дэд бүтцийг хийх хэрэгтэй. Орон сууц барих ёстой. Манай малчдын дийлэнх нь хадгаламжтай. Тиймээс хадгаламжаа орон сууц болгож ая тухтай амьдрах боломжтой. 2024 он гэхэд бүх сумдынхаа халаалтыг шийдчихнэ.

Ирэх жилээс аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлнэ

Аялал жуулчлал дээрээс манай аймаг огт мөнгө олж чаддаггүй юм байна. Тиймээс хөтөлбөр боловсруулаад аймагт ямар аялал жуулчлал хөгжих вэ гэдгийг судлуулсан. Малчид болгон хажуудаа гэр бариад жуулчдыг 5-10 хоног ирээд аргаль, ирвэс үздэг аяллыг хөгжүүлэх боломжтой юм байна. Ирэх жилээс аялал жуулчлалын төлөвлөгөөний дагуу жуулчны баазууд баригдаж иргэдэд таниулга ажил явуулна. Та бүхэн гэртээ жуулчин авах боломжийг нээнэ.

Малчид махаа ченжийн гар харж, дамжуулахгүйгээр хүргэлт хийнэ

Бид нарын хамгийн тулгамдсан асуудал бол малын гаралтай түүхий эд үнэгүйдэл. Өнөөдөр нэг хонь хэдэн төгрөгийн үнэтэй байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ унахаар хохирогчид нь малчид болдог. Тийм учраас бид хотод Барс-2 худалдааны төвд бид нар сум болгоны тоогоор лангуу түрээслэсэн. Малчид ченжийн гар дамжуулалгүйгээр зарах бүрэн боломжтой. Тиймээс Хүргэлт гэдэг арга хэмжээг эхлүүлж малчид өөрсдөө малын махаа аваачиж болно. Манай аймгийн малын мах маш сайхан амттай. Тухайлбал, 12 сарын 01-нд Нийслэлд Хүргэлт арга хэмжээний нээлт хийнэ. Үүнтэй холбоотойгоор сумдын Засаг дарга нарт үүрэг чиглэл өгсөн. 

Малчидтай уулзахад “Энэ хонины нэхий үнэгүйдэж жалганд хаягдаж байна. Үүнд анхаарч өгөөчээ” гэдэг. Харамсалтай нь бид нар 30 жилийн хугацаанд энэ тал дээр юу ч хийгдээгүй иржээ. Өнөөдөр Говь-Алтай аймагт ноос ноолуур, арьс ширний, сүүний үйлдвэр байна уу, огт байхгүй. Цаасан дээрх амлалтаар 30 жилийг өнгөрөөжээ. Бид нар дээшээ хараад хэн нэгэнд найдах биш өөрсдөдөө найдаж нэг зүг харж чадах юм бол их өөрчлөлтийг хийх боломж бий гэдгийг зөвлөгөөнд оролцсон малчид ойлгосон. Хэн хөдөлмөрлөж чадна тэр хүн сайхан амьдрах боломжтой. Бид өөрсдөдөө найдах хэрэгтэй. 100 жилийн алдаа бол бид үйлдвэртэй болж чадаагүй юм байна. Ард иргэд малчидтайгаа үйлдвэртэй болох талаар ярилцаагүй нь хамгийн том алдаа болсон. Малын гаралтай түүхий эдээ үнэтэй болгох бүрэн боломжтой. Одоо тэгэхээр яах вэ? Хойшдын 100 жилд дахин алдахгүй мухардахааргүй боломжийг сонгоно. Ченжийн гарт баригдсан сэтгэхүйгээс салж чадвал бид хөгжинө. Малаас гардаг бүх түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгоё. Ийм боломж бид нарт бий. Малчдын цугласан зорилго ерөөсөө энэ. Хаягдаад байгаа арьс шир, ноосоор савхин бээлий, ноосон оймс хийх боломж бий. 

Малчид та бүхэн хөдөө аж ахуйн салбарт хувьсгал хийж чадна

Үйлдвэрлэл явуулахад хэд хэдэн зүйл бий. Түүхий эдийн хувьд бүх түүхий эд аймагт байна. Хоёрдугаарт ажиллах хүч гэж бий. Ажлын байр нэмэгдээгүй аймаг бол манайх. Түүхий эдийн гачланд орохгүй, ажиллах хүчний хомсдолд орохгүй. Дэлхийн зах зээл дээр та бүгдийн ноос ноолуур, арьс ширийг зуучлаад өгье гэсэн хүмүүстэйгээ хамтраад малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож болно. Бид нарын өнөөдөр олж байгаа 9 сая төгрөг дэлхийн зах зээл дээр 45 сая төгрөг болох боломжтой. Малчид, мал байна. Алтайд байгаа залуучууд ажиллах хүчээр хангачихна. Бид төр засагтаа найдах биш өөрсдөдөө найдаад хөдлөх юм бол Монгол Улсын хөдөө аж ахуйд хувьсгал хийж чадна. Зөвлөгөөнд оролцсон малчдаараа дамжуулаад Говь-Алтай аймгийнхаа 8000 малчнаа үйлдвэрийн эзэн болгоё. Цаашдаа орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Малын эзэд үйлдвэрийн эзэд болъё гэсэн уриа бий. Үйлдвэрийн эзэн болсноор малын түүхий эд үнэгүйдэхгүй. Малчид ноос ноолуураа арьс ширээ зарахаас гадна нэмэлт орлоготой, ногдол ашгаа хүртэнэ гэсэн үг. Арьс шир боловсруулах үйлдвэртэй болчихвол баруун хэдэн аймгийнхаа арьс ширийг боловсруулж өгч нэмэлт орлого олно. Говь-Алтай аймаг татвар авч бие даан хөгжих, дэд бүтэцтэй, эрүүл мэнд боловсролдоо анхаарах бүрэн боломжтой болно. Эхний 30 жил хамтраад баларсан, дараагийн 30 жил нэгдээд амжилт олсонгүй, дараагийн 30 жил хоршоод хожсонгүй. Одоо энэ гурвыг нийлүүлээд хамтрах хэрэгтэй байна. Тиймээс малын эзэн биш үйлдвэрийн эзэн болгох уриалгыг гаргасан. 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.