| | USD/MNT 0₮

5-7 их наядын нүүрс тээврийн хулгайд УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн тэргүүтэй гишүүдийг шалгаж байна

-Хамгийн сүүлийн мэдээллээр 22 мянган машин нүүрс ямар нэг бүртгэлгүй хил давсан гэсэн мэдээлэл бий-

Сүүлийн хэдэн өдөр нүүрс тээвэрлэлт, нүүрсний хулгайн хэрэг эрчимтэй яригдаж, олны дундах сэдэв болж, улстөрчид бүгд нүүрсний хулгай ярьж, улсын төсвийн эх үүсвэр орлого болсон нүүрсээ урд хөрш рүү их хэмжээгээр нь хулгайлж, хэдэн их наядын хөрөнгө мөнгө хувьдаа завшсан хүмүүсийг илчилж, хариуцлага тооцохыг шаардаж эхэллээ. Гишүүд болгон нүүрсний хулгай ярьж байна. Энэ бол жижиг хулгай биш. Асар том хулгай гэдгийг онцолж байна. Товчихондоо хэлэхэд, нүүрсний хулгайгийн өнөөгийн байдал эдийн засгийн хямралын гол шалтгаан болж буй. Тиймээс ч Засгийн газраас нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж том дуугарсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн хавар Хөгжлийн банкны хулгайг илчилж ярихдаа дараа нь нүүрсний хулгайчдыг илчилж, тэмцэнэ гэж мэдэгдэж байсан. Энэ асуудлыг олон нийтэд ил болгож, зарим нэг улстөрчдийн хууль бус үйлдлийг шалгуулсны дараа буюу нүүрсний хулгайг зогсоосноор Монгол Улсын эдийн засаг хоёр дахин өснө гэж мэдэгдэж байсан. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улстөрчдийн нэрийг хэлж, тэдгээр хүмүүст анхааруулга өгч байсан. Харин Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайтай тэмцээд завгүй явна. Нүүрсний хулгайтай тоо сэдэв хөврөх болсон. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу өнгөрсөн долоо хоногт Т.Доржханд, Б.Пүрэвдорж нарын хийсэн мэдээллээр 5-7 их наядаар хэмжигдэх хэмжээний нүүр хулгайд алдагджээ. Хамгийн сүүлийн мэдээллээр 22 мянган машин нүүрс ямар нэг бүртгэлгүй хил давсан гэсэн мэдээлэл байгаа юм. Түүгээр зогсохгүй хуулийн байгууллага шалгалт хийж, баривчилгаа ч хийгээд эхэлсэн талаараа ч мэдээлсэн. Хил гаалийнхан ч энэ хулгайн хэрэгт холбоотой байж болзошгүй. Ийм их хэмжээний нүүрс ямар ч бүртгэлгүй хил гаалиар гарч байхад тэд яагаад загас мэт дуугай байв. Нөгөөтэйгүүр нүүрсний хулгайтай тэмцэнэ гэж мэдэгдсэн Ерөнхий сайд, Хуульзүйн сайд хоёрыг одоо л харъя, хэр шударга ажиллахыг нь хэр шударга үнэн байхыг нь харна. Учир энэ том хэмжээний хулгайн ард МАН-ынхны нэр дуулдаж эхэллээ. Одоо гишүүн байгаа хэд хэдэн хүний нэр дуулдаж байгаа ч сайд нар нь хулмалзаад илчилж чадахгүй байна гэх. Магадгүй том хулгайн ард тохироо хийсэн байхыг ч үгүйсгэхгүй. Учир нь 2024 оны сонгуулийн мөнгөө нүүрс тээвэрлэн гаргадаг том компаниудын эзэн болох гишүүдтэйгээ тохиролцож мэднэ. Гэхдээ шударга ёс байх ёстой. Шударга байж үнэнийг илчилж, хариуцлага тооцож байж хулгай гарахгүй, гаарахгүй, улсаасаа хулгайлж хумслахгүй болно. Харин ямар гишүүд, ямар дарга нар хулгай хийдэг байсан бэ гэдэг нь олон нийтийн дунд нэлээд анхаарал татаж байна.

Тухайлбал, нүүрс тээвэрлэдэг компани олон машинтай УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг хуулийн байгууллагаас шалгаад хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн ч тэнд очоод замхарсан гэх мэдээлэл бий. Тиймээс дахин шалгах шаардлага үүссэн. Мөн МАН-ынхан дундаас зарим нэг гишүүдийн нэр мэр сэр гарч эхэлсэн. Нэгэнт олон жилээр олборлоод мөнгийг нь хулгайн замаар өвөртлөөд суучихсан гишүүдийг илчлэхийг олон нийт шаардаж байгаа. Хэрвээ хулгайг нь илрүүлнэ гэж сүржин мэдээлэл хийчихээд нуун дарагдуулж өөр нэг хулгайгаар өөрийг дарахыг оролдох юм бол энд Засгийн газрын тэргүүн болоод бусад нь ч холбоотой гэж хардах үндэслэл бий. Нүүрсний хулгайн асуудалд төрийн өндөр албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа нэр бүхий улстөрчид холбогдсон нь эхнээсээ ил болсоор.

Нүүрсний хулгайтай холбоотой хоёр дахь ноцтой мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Доржханд юм. Тэрбээр “2013 онд нүүрсний хулгай гарахад 430 мянган тонн нүүрс хулгайлагджээ. Үүнийг хоёр улсын гаалийн байгууллага тогтоочихоод байхад прокурор дээр хэрэгсэхгүй болсон гашуун жишээ бий. Хулгай улам гаарч, сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрсний хулгай гарсан. Өөрөөр хэлбэл, 6.5 сая тонн нүүрс гэдэг бол одоогийн ханшаар 6.5 тэрбум доллар бөгөөд 20 их наяд төгрөг шүү дээ. Гэтэл Хөгжлийн банкны хулгай хоёр их наяд. Хөгжлийн банкны хулгайгаас арав дахин их гэсэн үг. Үүнийг нийгэмд ойлгуулж, мартагдуулахгүй байх хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдад асуулга хүргүүлж байна. Асуудлыг УИХ-ын танхимд нээлттэйгээр арваннэгдүгээр сард багтаан танилцуулахыг шаардсан. Аль нам байх нь хамаа байхгүй бид хянах ёстой” гэсэн нь анхаарал татсан. Гишүүн асан О.Баасанхүү ч мэдээлэл хийж “Шударга таваас ч нүүрсний хулгайд холбогдсон хүн бий, шалгуулах шаардлагатай боллоо.

Тэгвэл сүүлийн үед хулгайд алдагдсан нүүрсний тоон мэдээлэл ингэж гарч эхлэв.

Алдагдсан боломжийн өртөг:
- Утааг бүрэн шийдэх байлаа (орон сууц/цахилгаан станцаар)
- Түгжрэлийг бүрэн шийдэх байлаа (дэд бүтэц/ тэлэлтээр)
- Ядуурлыг бүрэн шийдэх байлаа (ажлын байр/ нийгмийн үйлчилгээний төвүүдээр)
- Хулгайчидтайгаа хариуцлага тооцохгүй учир гадны хөрөнгө оруулагчид орж ирэхээ больсон.
-Хулгайчид нь дээрээ дураараа дургидаг, тэднийг сохроор удаа дараа сонгодог учраас чадварлаг залуусын дийлэнх нь гараад явсан. Brain drain бол мөхөж буй улсын хамгийн том илэрхийлэл. Одоо яана. Бидний ирээдүй хаашаа явна вэ? Та үр хүүхдүүдээ энэ улсад сайхан амьдрахыг төсөөлж байна уу?

Олон нийтийн зүгээс нүүрс хулгайлж баяжсан, улсаа цөлмөж ядууруулсан хулгайчуудад хандаж “Одоо зүгээр л олны нүдэн дээр дүүжил, бууд тэгж байж л цочироо авна. Юун үхсэн цаазын ялгүй, ардчилсан орон энэ тэр. Гурван сая хүний, хүүхдийн ирээдүй, амь амьдрал, хөгжил дэвшлийг хулгайлсан, сүйтгэсэн хулгайчуудад хатуу хариуцлага тооцохыг шаардаж байна” гэх давалгаа олон нийтийн сүлжээнд явж эхэллээ. Цаазын ялаа сэргээвэл авлигачид ядаж айж эхэлнэ. Энэ бол үнэн. Монгол Улс төрийн нэрээр дээрэм хийдэг хулгайчгүй бол хөгжиж, улных гэх айлууд нь дэвжих дээшлэх боломж бүрэн бий. Гэтэл хулгайч, луйварчид нь Төрийн ордондоо заларчихсан ядарсан ард иргэдийнхээ боломжийг хулгайлаад суухаар яаж Монгол Улс хөгжиж дэвжих юм бэ. Хөгжлийн банкнаас хулгайлсан мөнгөнөөс ч 10 дахин их мөнгийг нүүрсээр дамжуулан хулгай хийсэн нөхдүүдийг зүгээр өнгөрүүлж толгойг нь илэх эвийлэх шаардлага огт байхгүй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хуульзүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарыг хэр шударга байхыг харах л үлдлээ. Нэгэнт нүүрсний хулгайтай тэмцэнэ, хулгайлсан этгээдүүдийг илчилнэ гэсэн үгэндээ хүрээрэй, үйлдлээрээ харуулаарай. Ард түмэн нүдтэй, чихтэй, ой санамжтай учир мартахгүй. Хариуцлага нэхнэ шүү.

Улс төр

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.