| | USD/MNT 0₮

Швейцарийн прокуророос хэргээ цагаатгуулсан С.Баярцогт намаа 40 тэрбум төгрөгөөр авч чадах уу?

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг Швейцарийн прокуророос хэрэгсэхгүй болгосон билээ. Энэ талаараа С.Баярцогт өөрөө олон нийтийн өмнө гарч ирж УЕП-ын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл хийж тайлбарласан удаатай. Тэгвэл Монгол Улсад хууль хяналтын байгууллагад Оюутолгойн хэргээр шалгуулж байсан түүний хэргийг яахаараа олон улсын прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгодог юм бэ гэсэн асуулт анхаарал татаж эхлэв. Тэгвэл С.Баярцогт өөрт холбогдох хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хоёр шүүгчээр үгүйсгүүлж чадсан байна. Шүүх прокурор, мөрдөх байгууллага нөлөөнд автсан байх магадлалтай хэмээн хардах үндэслэл бий.

Харин С.Баярцогт хэргээ Дээд шүүх дээр хэрхэн аргалсан схемийг үзүүлэхээр Өрөг.мн сайтын сэтгүүлч Ч.Болортуяа Улс төрийн задлан нэвтрүүлгийн ээлжит дугаараа бэлтгэн хүргэжээ. 

Нэгдүгээр хэсэг:С.Баярцогт шүүх дээр хэргээ аргалсан нь

Шоронд суугаа хүмүүс өөрсдийгөө хэлмэгдсэн гэх жишгийг С.Баярцогт ч мөн дагав. Ямар ч гэм буруугүй юм байх. Тэрбээр Швейцарийн прокуророос надад холбогдох хэргийг цагаатгасан шүү гэсэн цаас энэ байна гэж үзүүлсэн. Ингээд тэр цаасаа Нийслэлийн прокурорын газарт хүлээлгэн өгсөн. Гэвч Швейцарийн прокурор тэрхүү бичгээ албан шуудан ашиглахгүй шүүгдэгчээр нь дайгаад явуулчихдаг гаж шүүх бололтой. Түүнийг энэхүү албан бичгээ гардуулж өгснийг харахад улстөрд эргэн ирж байгаа юм байна гэдэг нь төвөггүй ойлгогдов. 

С.Баярцогтын гэм бурууг шүүсэн гурван шатны шүүхийн шүүгчид ойгүй тэнэг улс уу? муйхар мулгуу улсууд уу. Ямарч баримтгүй үндэслэлгүй хэрэгт ял оноодог гүтгэгчид болоод хувирчихлаа. Учир нь С.Баярцогтыг буруутай байна. Монгол Улсыг хохироосон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлгүй баяжсан байна, баяжсан түүхээ нотолж чадахгүй байна гэж прокурорын байгууллагаас хэргийг нь хянаж үзээд ял төлөвлөж, гурван шатны шүүхээс ч ял оноосон байдаг. Хүний эрхийн комисс ч зүгээр суугаагүй. Гэтэл Дээд шүүхийн таван шүүгч суугаад хоёр нь тусгай санал гаргасан. Тодруулбал, С.Баярцогтод ял оноохын эсрэг байна гэсэн үг. Үүнийг нь нийт шүүгчдийн хурлаар оруулаад тэд С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл хэргийн мөрдөгч прокурор хоёр хоёулаа түүний хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн санал гаргасан байгаа юм. Тэгвэл хэн гэгч хоёр шүүгч С.Баярцогтын хэрэг дээр ял оноохын эсрэг байр суурь илэрхийлсэн нь нууц хэвээрээ байна. Яагаад нууц байгааг нь хайгаад үзэхээр Шүүгчийн хараат бус байдлын тухай хуулиар халхавчлаад байна. Ийнхүү хоёр үзүүртэй зүү шиг юм болж нэг талдаа гурван шатны шүүхээс улсаа хохироосон гэж үзээд ял оноосон ч нөгөө талдаа түүнийг огт гэмгүй нэгэн болж бүр хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргав. Хардахаас аргагүй маш эргэлзээтэй хуйвалдаан байж тун болзошгүй зүйлийг С.Баярцогт шүүх, цагдаа, прокурор дээр хэлсэн тухай хардаж харж байна. 

С.Баярцогт яг ямар хэрэг хийсэн хүн бэ? 

Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэргийн тухайд яръя. Тэрбээр 2009 онд Сангийн сайд байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулагчид буюу Рио тинтотой хэлэлцээ хийх ажлын хэсгийг даргалж байв. Ажлын хэсгийн дарга болсон хүн хэзээ гэрээ хийх, хувьцаа хэрхэн өсгөх зэрэг маш чухал мэдээлэл даргын хажууд байсан гэсэн үг. Энэ мэдээллийг өөртөө ашиглахаар шийдэж Бахама аралд байгуулсан Эн Ди Хармони гэх оффшор компанийнхаа Кридет свисс Ай жи дахь данснаас гүйлгээ хийж Айвенхоу Майнз компанийн 150,000 ширхэг хувьцааг тухайн үеийн төгрөгийн ханшаар 2 тэрбум төгрөгөөр худалдан авчээ. Олон улсад инсайдер трейдинг гэж нэрлэдэг, мэдээлэлд ойр байдал албан тушаал эрх мэдлээ ашиглан хувьцаанаас ашиг олох нь гэмт хэрэг юм. 

С.Баярцогтын ял сонссон хоёр дахь хэргийн тухайд бичье. Түүний эхнэртэй холбоотой хэрэг. Тэрбээр эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компанийг Оюутолгой компанийн ханган нийлүүлэгч болгочихсон. Ханбогд болон Өмнөд кэмпэд 43 тэрбум, Номадс компаниар 20 тэрбум төгрөг гээд нийтдээ 63 тэрбум төгрөгийн орлого олсон. Энэ бол албан тушаалын эрх мэдлээ ашигласан магадгүй авлигын далд хэлбэр ажлаар туслалцааг нь үнэлэх аргыг ашигласан байх бүрэн магадлалтай хэрэг юм. 

Түүний шүүхээс сонссон гурав дахь хэрэг нь юу бэ гэвэл, мөнгө угаасан гэх гэмт хэрэг. Угаасан мөнгөө оффшор бүсэд байршуулж Монголд бүртгэлтэй Ийстерн металс компанийн Голомт банк дахь 811502953 дугаарын дансаар дамжуулан хүлээн авч одоог хүртэл ашиглаж байгаа гэж тогтоогдсон. 

Түүний дөрөвдэхь хэрэг бол төрийн эрх мэдлийг атган ажиллаж байхдаа Нүхтийн аман дахь 852 саяын үнэлгээтэй хаусаа Зайсангийн Вилла виста дахь нийт 3,6 тэрбумын хоёр хаусаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тусгалгүй нуун дарагдуулсан. Энэ нь хууль зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэг юм. Тиймээс энэ 3 хөрөнгийг нь улс хураан авсан. 

Хамгийн гол нь С.Баярцогт энэ дөрвөн хэргээ гурван шатны шүүх дээр үгүйсгэж буруугүй гэдгээ нотолж огт чадаагүй. Энэ мөнгөө хаанаас яаж олсон гэдгээ ч тайлбарлаагүй. Нотолж чадаагүй байж "Би буруугүй. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай зэргээр хэргээ зохицуулсныхаа дараа гэнэт тодорч томорч гараад ирсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна. 

С.Баярцогтын хэрэг цайрдаг юм байж, тэгвэл энэ хэргийг яаж үгүйсгэх юм, үгүйсгэж чадахгүй шүүгчдийн өмнө үггүй зогсоод гурван шүүхэд ялагдсан тэр гэнэт цаас бариад гараад ирсэн нь хардлага төрүүлэхээс аргагүй.

С.Баярцогт 40 тэрбум төгрөгөөр намаа авч чадах болов уу?

Шүүх дээр хэргээ аргалсан тэрбээр 40 тэрбум төгрөгөөр намаа авна гэнэ үү. Тэрбээр 40 тэрбум төгрөгөөр намаа авч чадах болов уу? С.Баярцогт С.Эрдэнийг тамгатай нь 40 тэрбум төгрөгөө авчихлаа гэж бодоход ҮБХ-ны 256 гишүүнээ 40 тэрбум төгрөгөөр авч чадах уу. ҮБХ-оогоо авлаа гэхэд сонгогчдынхоо итгэлийг дааж дахин сонгогдож чадах болов уу? Яах бол. Тэр АН доторх МҮДН фракц, Морьтон, нэг ардчилал бүлэглэлийн гишүүдтэй хундаг тулгаж, өөрийг нь дэмжихийг лоббидож заримд нь мөнгө атгуулж эхэлсэн тухай АН-ын ҮБХ-ны гишүүд мэдээлж байна. Харин тэдэнд атгуулсан мөнгөө С.Баярцогт бизнес эрхлэгчдээс босгожээ. Тэрбээр С.Эрдэнийн шуналыг гүйцээх, ҮБХ-оор өөрийгөө дэмжүүлэх, дээд шүүх дээр бүртгэл хийлгэх гэсэн шат дараалсан арга хэмжээнүүдийг хялбарчилсан горимоор шийдэхээр нийт 40 тэрбум төгрөг босгосон гэх мэдээлэл байна. АН-ыг худалдаж авахаар төсөвлөсөн 40 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ, хэр их мөнгө вэ. Анандбазарын хаусаас 13-ыг авч болж байна 40 ширхэг цэцэрлэг барьж болж байна. 

Харин С.Баярцогтын мөнгийг босгож хорыг нь хутгагч нь ОТ кэмпийн хоолны тендерийг авч байсан Есөнмөнх юм. Есөө бол түүний хамт хэрэгтэн бас хамтрагч нь. Арчилсан намыг 6 хуваах хүсэл сонирхол эрх баригч МАН-д бий. Өнөөдөр эрх барьж байгаа намын тусламж дэмжлэгээр С.Баярцогт АН-аа 40 тэрбумаар авахыг санаархаж буй. Мөн тэгээд шүүх дээр хэргээ хэрхэн аргалсан түүхийг энэ удаад Улс төрийн задлан нэвтрүүлгээр тодорхой үзүүлэв. С.Баярцогт 40 тэрбумаар намаа авч чадах болов уу, эсвэл АН 40 тэрбумын л үнэ цэнэтэй юу гэдгийг цаг хугацаа харуулах бизээ.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.