| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугарын компани Ховд аймгийн Дуут сумын нутагт хайгуулын ажил эхэлснийг нутгийн иргэд эсэргүүцэж байна.
Тодруулбал, Монгол орны хамгийн өндөрлөг цэгт оршдог суурин гэгддэг Дуут сумын урианхайчуудын шүтээн болсон хайрхан Халзан Бүргэдтэйд хайгуул хийхээр шунажээ. Нутгийн иргэдийн ярьж буйгаар Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүс ирэх жилийн сонгуулийн мөнгөө хийх гэж очсон болов уу гэж хардаж байна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугарын "Сод маргад” ХХК нь 2008 оны наймдугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж авчээ. Тухайн үед Э.Батшугарын аав Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байв.
Алдарт долдугаар сарын 1, араас нь Монгол Улс олимпийн аваргатай болсон дуулианы үеэр хайгуулын лиценз гаргуулж авсан нь олны анхаарлыг татахгүй найдвартай халхавч болсон гэнэ.
Угтаа Ашигт малтмалын тухай хуулийн (АМТХ) Гуравдугаар бүлэгт заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо АМТГ нь хайгуулын зөвшөөрөл хүссэн талаар тухайн хайгуул явагдах аймаг, Нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд төлөвлөгдсөн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй тодорхойлолт болон төлөвлөгдсөн талбайн зургийг хавсаргана гэж заасан байдаг.
Гэтэл тухайн үед аймаг руу мэдэгдэл явуулсан өдрөө зөвшөөрөл олгогдсон нь хачирхалтай бөгөөд шуурхай ажил байжээ.
Тухайн үед аймгийн Засаг дарга Г.Нямдаваа тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн бичиг явуулсан ч тэр бичгийн хариу ирэхээс өмнө Ашигт малтмал газрын тосны газрын шийдвэр аль эрт гарчихжээ. Энэ талаар нутгийн иргэд огт мэдээгүй байсан бөгөөд 11 жилийн дараа буюу өнгөрсөн наймдугаар сард мэдсэн байна.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр "Надад ганц ч лиценз байхгүй. Цаашдаа нэг ч лиценз эзэмшихгүй” хэлж байсан биш билүү. Гэтэл та Ерөнхийлөгч байхдаа хүүгийнхээ компанид лиценз авч өгсөн нь цагаан дээр хараар бичээстэй байна. Яагаад ийм шударга бус байдаг юм бэ.
Та бүхний ухаж төнхөх гээд байгаа Ховд аймгийн Дуут сумын нутаг дэвсгэр Бүргэдтэй хайрханд Монгол орны Улаан ном болон нэн ховор амьтан ургамлын жагсаалтад багтсан янгир ямаа, ооч ёл, идлэг шонхор, алтайн хойлог, өгөөлэй шулганаа, нөмрөгт банздоо, суусар, булга болон бусад амьтан ургамал бий. Түүнчлэн эндхийн гол нь алдарт Буянт голын эх ундрагыг бүрдүүлдэг юм байна.
Өчигдрөөс эхлэн нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлсэн бөгөөд цөөхөн урианхайчууд өвөг дээдсээс онгон дагшинаараа шүтэгдэж ирсэн түүх соёлын газар олонтой, дархан цаазат амьтан, нэн ховор ургамлуудтай шүтээн хайрханаа хэзээ ч ухуулж төнхүүлэхгүй гэж эсэргүүцэж байж өрөмдлөг хийхийг түр зогсоосон байна.
Тодруулбал, сумын удирдлагууд, байгаль орчны байцаагч, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч, сумын ИХТ-чид газар дээр нь очиж хайгуулын өрөмдлөг эхлүүлэхгүй байхаар хэлэлцээр хийж, үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар хэзээ ч ухуулж төнхүүлэхгүй. Тиймээс төр эргүүлж явсан Н.Энхбаярыг хүүгийнхээ компанийг, техник тоног төхөөрөмжөө буцааж авахыг хүсч, шаарджээ.
О.Гал
Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугарын "Сод маргад” ХХК нь 2008 оны наймдугаар сард хайгуулын тусгай зөвшөөрөл гаргуулж авчээ. Тухайн үед Э.Батшугарын аав Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байв.