| | USD/MNT 0₮

Б.Дөлгөөн: Ирэх онд ипотекийн гарах зээлийн эх үүсвэр баталгаажиж, тэр хэрээр зээлд огт хамрагдаж байгаагүй залуучуудад боломж бүрдэнэ

Сүүлийн үед ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг төрөөс дахин хойшлуулах талаар яригдаж эхэлсэн. Гэхдээ яг баттай хойшлуулна гэсэн шийдвэр гараагүй байгаа. Харин эдийн засагчид болон Монголбанк, банкуудын холбооноос одоо зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах ёсгүй. Хэрвээ дахин хойшлуулбал эдийн засагт ч сөрөг нөлөөтэй, ипотекийн зээл ч үргэлжлэх боломжгүй болно. Зээл авах хүсэлтэй олон мянган залуусын боломжийг л хулгайлсан үйлдэл болно хэмээн үзсэн байна.

Тодруулбал, Эдийн засагч Б.Дөлгөөн ипотекийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийг ярихад хэд хэдэн зүйлийг авч үзнэ. Нэгд, эргээд хойшлууллаа гэхээр 2023 онд нийт хэр хэмжээгээр ипотекийн хөнгөлөлттэй зээл өгөх вэ гэдэг асуулт бий. Энэ зээлийг авч чадаагүй, авах хүсэлтэй, шаардлага хангасан олон залуус байна. Даанч авч чадахгүй байгаа нь эх үүсвэртэй холбоотой. Хэрэв төлөгдөөд ирвэл энэ хэмжээгээр 2023 онд ипотекийн гарах зээлийн эх үүсвэр баталгаажиж, тэр хэрээр ипотект огт хамрагдаж байгаагүй залуучуудад боломж бүрдэнэ.

Хоёрт, инфляци буюу 2023 онд баримтлах мөнгөний бодлого. Хэрэв ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулаад, Монголбанкнаас үргэлжлүүлэн гаргана гэвэл өнөөдөр байгаа мөнгөний бодлогын зорилттой буюу инфляцийг өдөөх чиглэлд явна гэсэн үг. Харин төлөлт хийх хэмжээгээр зээл гаргах үед мөнгөний бодлоготой уялдаж, тэр хэрээр эрэлтээс үүдэлтэй үнийн өсөлтийг бууруулахад бага ч гэсэн нэмэр оруулна. Ипотекийн хөнгөлөлттэй зээлийг авч чадаагүй, авах хүсэлтэй, шаардлага хангасан олон залуус байгаа. Асуудлын гол нь эх үүсвэргүйн улмаас авч чадахгүйд байгаа юм" гэжээ. 

 

Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.