| | USD/MNT 0₮

Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн дэд сайд Б.Болор-Эрдэнийг явуулах эсэхийг өнөөдөр шийднэ

Засгийн газрын хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэх бөгөөд хамгийн анхаарал татаж байгаа асуудал бол Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ байна. Тэрбээр өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэгвэл түүний хүсэлтийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх ажээ. 

Тодруулбал, дэд сайд Б.Болор-Эрдэнэ Олон улсын хуралдаанд оролцож байхдаа Орост сургууль төгссөн, боловсрол эзэмшсэн төрийн дунд шатныхантай холбоотой хэлсэн үг олон нийтийн эгдүүцлийг хүргэж шүүмжлэлд өртөөд буй. Тэрбээр "Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан" гэх утгатай үг хэлсэн. Улмаар түүнийг огцруулахыг Бага хурлын гишүүд болон олон нийтийн зүгээс шаардсан. Энэ тухай "Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна. Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!

Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ. Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ. Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно. Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа" гэжээ. 

Ийнхүү өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дэд сайд Б.Болор-Эрдэнийг явуулах уу, авч үлдэх үү гэдгийг Ерөнхий сайд болон танхимын гишүүд нь шийдэх ажээ. 

Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.