| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкнаас олгосон чанаргүй зээлүүдийн 1,5 их наядыг нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа бусдад олгожээ

Хөгжлийн банкнаас олгосон чанартай болон чанаргүй зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийж байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан болон тухайн банкны удирдлагууд мэдэгдэж байгаа. Тодруулбал, нийт Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 782.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 694.1 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна. Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна. Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 888.0 их наяд төгрөгийн, 68.6% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байгаа юм. 

Гэхдээ чанаргүй 1,5 их наяд төгрөгийн зээлийг хэн, ямар аж ахуйн нэгж байгууллага компани, удирдлага төлөх нь тодорхойгүй. Тиймээс чанаргүй зээлийг нь Засгийн газрын мөнгөөр хааж тэглэнэ гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон бусад гишүүд эсэргүүцэж байгаа юм. Яагаад гэвэл зээл авсан нөхдүүд болон аж ахуйн нэгжүүдээр нь төлүүлэх ёстой байтал Засгийн буюу цаашлаад ард түмний татварын мөнгөөр төлүүлэх нь зүйд нийцэхгүй хэмээн эсэргүүцэж буй. Тухайн үед зээл авсан ААН-үүдийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэх ч хариуцлага тооцож, зээлийг нь төлүүлж байгаа эсэх нь тодорхой бус. 

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар Сангийн сайд 2016 онд улс орныг удирдаж байсан хүмүүсийн баас балгийг цэвэрлэхээр нойр хоолгүй ажиллаж байна гэдгээ ч хэлсэн. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаан дээр Н.Алтанхуяг гишүүнтэй ширүүхэн маргалдсан юм. Тэрбээр "Өнөөдөр Хөгжлийн банкин дээр байгаа 3,2 их наядын 1,8 нь чанаргүй зээл. Үүний 1,5 их наядын чанаргүй зээлийг Н.Алтанхуяг та Ерөнхий сайд байхдаа олгожээ. Бодлогын зөвлөл нэртэй бондын зарцуулалтын шийдвэрийг гаргадаг. Үүнийх нь дарга нь Ерөнхий сайд та байсан. Таны шийдвэрээр олгосон зээлийн бүх баримт одоо Хөгжлийн банкин дээр байна. Таны шийдвэрээр Хөгжлийн банк ганцхан шийдвэр гаргадаг байсан. Таны тавьсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлж байгаа шүү. Та нэг их шударга царайлаад сандраад байх зүйл байхгүй. Хөгжлийн банкин дээр байгаа энэ чанаргүй зээлүүдийг та төлүүлэх учиртай шүү. Чамтай би алалцаад явж байгаа. Чанаргүй зээлүүдийг хоёулаа очиж цуг барагдуулна шүү" хэмээн уурласан юм. 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.