| | USD/MNT 0₮

БНСУ-д 13 настай Монгол охиныг зодсон хэргээр хоригдож буй хоёр этгээдэд "хохирогчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардал"-ыг гаргахыг даалгажээ

Өнгөрсөн 2021 оны долдугаар сард /2021.07/ БНСУ-ын дунд сургуулийн дөрвөн сурагч Монгол 13 настай охиныг зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулгаж буй бичлэгээ цацаж арванхоёрдугаар сард олонд ил болж байсан ноцтой хэрэг гарсан.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сар /2022.02/-д БНСУ-ын Кённам хотын Цагдаагийн газрын Хүүхдийн хүчирхийллийг шалгах тусгай баг 13 настай монгол охины хэрэгт анхан шатны мөрдөн байцаалтын явцад цагдаа нар тус дөрвөн этгээдийг зөвхөн хамтран танхайрсан гэсэн зүйл ангиар яллаж, шүүхээс насанд хүрээгүйчүүдийн /хүүхдийн/ хорих ангид богино хугацаанд саатуулсан юм.

Гэвч хохирогчийн талаас дахин мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргасан бөгөөд улмаар Улсын мөрдөн байцаах газраас дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг даалгасан тул цагдаагийн байгууллага шалгаж эхэлж, энэ оны арваннэгдүгээр сарын 02 /2022.11.02/-ны өдөр  Улсан дүүргийн Прокурорын газраас энэ хэргийг шалгасны эцэст уг хэргийг үйлдсэн дунд сургуулийн сурагчид хохирогчид харгис хандсан болохыг албан ёсоор тогтоосон талаар Солонгосын SBS телевиз мэдээлжээ.

Тодруулбал, Цагдаагийн байгууллага хэрэгт холбогдох сурагчдад нийт зургаан зүйл анги нэмсэн байна. Үүнд, бүлэглэн дээрэлхэх, хүнийг барьцаалах, бэлгийн дарамт учруулах (зөвшөөрөлгүй видео бичлэг тараасан), доромжлох, албадан хүчирхийлэх, сүрдүүлж заналхийлэх гэсэн зүйл ангиудаар сурагчдаас нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж прокурорын газраас нэмэлт гэмт хэрэг үйлдсэнийг тогтоожээ.

Үүний үр дүнд хоригдож буй хоёр этгээдэд дахин нэмэлт зүйл анги нэмж, ялласан байна.

Мөн прокурорын зүгээс хохирогчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг нь гаргаж, цаашид хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогчийг дэмжих төвд хандаж, бэлгийн мөлжлөгийн талаарх видео бичлэгийн тархалтад хяналт тавьж, устгахыг хүссэн байна. Тухайн үед бүлэглэн танхайрч , хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг хатуу шийтгэх, тэднийг хэн болохыг ил болгохыг уриалсан санал хүсэлт өдгөө 170 мянган хүний саналтай байгаа бөгөөд насанд хүрээгүй гэдэг үүднээс ил болгох боломжгүй талаар мэдээлж байв.

Эх сурвалж: SBS телевиз

Дэлхий

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.