| | USD/MNT 0₮

Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй

Энэ амралтын өдрүүдэд хуралдсан Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан болон Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн үйл ажиллагааг мөн энэ хугацаанд хориглох шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэ үеэр томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах шийдвэрийг гаргаагүй юм.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагааны талаар тодорхой байр сууриа амралтын өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны үеэр илэрхийлсэн. Тэрбээр "Зах, худалдааны төвүүдэд аль болох эрсдэл гаргахгүй байхаар зохион байгуулна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Засгийн газрын хуралдаан болон нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэсэн юм. Харин зах, худалдааны төвүүдэд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэхийг холбогдох албаны хүмүүст Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон юм.

Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй гэдгийг уламжилж байна. Ийм ташаа мэдээлэлд автахгүй байхыг иргэд, олон нийт та бүхэнд анхааруулж байна.

Зах, худалдааны төвүүдийг хаах шийдвэр гаргаагүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.