| | USD/MNT 0₮

Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай тогтоолыг НҮБ батлав

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Нэгдүгээр хорооны хуралдаан аравдугаар сарын 28-ны өдөр болсон. Хуралдаанаар манай улсын санаачилсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, нийтийн зөвшилцлөөр баталжээ.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Энхболд уг тогтоолын төслийг танилцуулж хэлсэн үгэндээ Монгол Улс цөмийн зэвсэггүй статусын 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэв. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангид дэлхийг цогцлоох үйлсэд оруулж буй манай улсын бодит хувь нэмэр, хүчин чармайлт гэдгийг онцолжээ.

Түүнчлэн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг дэмжих зорилгоор цөмийн зэвсэгтэй 5 улс 2000 онд Хамтарсан мэдэгдэл, 2012 онд Хамтарсан тунхаглалын ач холбогдлыг тэрбээр цохон тэмдэглэв.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг 1998 оноос хойш 2 жил тутам хэлэлцэн баталдаг. Энэ жилийн чуулганы Нэгдүгээр хороогоор баталсан “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолд нийт 46 улс хамтран зохиогчоор нэгдэн оров.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.