| | USD/MNT 0₮
Сонгууль ойртох тусам сонин хачин үзэгдэл их гарна даа. Тухайлбал, МАХН-ынхан сонгуулийн ажлаа аль эрт эхэлж, айл өрхийг үнэгүй буюу хүүгүй байранд оруулна гэж амлаж, энэ талаараа хэвлэлийн бага хурал хэд хэдэн удаа хийж, иргэдийн тархийг угааж эхэллээ.
Энэ үйлдлийг нь харсан судлаач болон эдийн засагчид "Хэзээ ч үнэгүй, хүүгүй зээл, байр гэж байдаггүй юм. Ийм юманд итгэж хоосон тархиа савандуулан угаалгаж байгаа иргэд хохь нь шүү" гэж намтай юутай нь даапаалж байгаа нь үнэн.
Гэвч МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, гишүүн асан З.Баянсэлэнгэ нар "50 мянган айлыг хүүгүй урьдчилгаа төлбөргүй байранд оруулна. Сар болгон 196 мянган төгрөгөөр байранд орох боломжтой. Бид боломжийг олж харсан. Харин хэрэгжүүлэхэд элдэв саад бэрхшээл учирч магадгүй" хээв нэг ярьж байх юм. Хаанаас гаргасан ямар тооцоо судалгаа, үндэслэлтэй ийм зүйл ярьдаг байна.
Э.Эрдэнэжамъян "Урьдчилгаа төлбөргүйгээр байранд оруулна гэж хэлсэн нь сонгуульд иргэдээс санал авах гэсэн арга" гэдгээ ч шулуухан хэлсэн. Ийм хүмүүст саналаа худалдав даа. Хэрвээ тооцоо судалгаа үндэслэлтэй үнэн юм бол эхлээд 50 мянган айлаа байранд нь оруулчих. Тэгээд сонгуулиар саналаа аваарай гэж хэлмээр санагдав.
"Байранд үнэгүй оруулна" гэсэн санааны ард Н.Энхбаярын сонгуулийн шоу л эхэлсэн гэсэн үг. Түүний хувьд Монголын улс төрд жинхэнэ утгаараа “хаан” байсан үе бий.
Тэр 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-ыг нь МАХН-д авч чадсан. Тухайн үедээ ялсан намын тэргүүний хувьд Ерөнхий сайдаар томилогдож ажилласан байдаг. Хэдийгээр 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй байр сууриа алдсан ч олон суудал авсан учраас наймдугаар сард сөрөг намуудтай хамтарч Их эвслийн Засгийн газар байгууллагдахад, Н.Энхбаяр 2004-2005 онд Улсын Их Хурлын даргаар сонгогдон ажилласан. Түүгээр ч зогсохгүй 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч ялалт байгуулснаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Харин түүний хааны эрин үе 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар төгсгөл болсон. Тэр үүнээс хойш улстөрд мартагдсан нэгэн байв. Авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан түүний хувьд ирэх 2020 онд сонгуульд нэр дэвших боломжтой болсон бөгөөд нэр төр нь шалдаа унасан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мэргэн санаа иргэдэд байхгүй боломжгүй, эрэлт хэрэгцээтэй зүйл дээр нь тоглолт хийхээр шийдсэн нь энэ аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн эмзэг цэгийг тэр олоод хатгачихаж.
Нийслэлчүүдийн хувьд хямд үнэтэй, хүү багатай байр бол мөрөөдөл. Тиймээс ч байрны бүртгэл дээр яаж алалцаж оочерлож байгааг та бүхэн харсан биз дээ. Нийслэлчүүд энэ хүслээ биелүүлэхийн тулд 2020 оны сонгуулиар МАХН-ыг дэмжих ёстой гэсэн ойлголтыг ч авчихсан бололтой.
Ийнхүү иргэдийн хоосон тархи, эмзэг цэг дээр нь дөрөөлж, нэр төрөө өсгөж байгаа Н.Энхбаяр Монголын улс төрийн тайзнаа дахин уригдаж гарч ирэхийг цаг хугацаа харуулна. Харин сонгогчид минь мэргэн сонголт хий. Дахин хэлье, хэзээ ч үнэгүй бөгөөд хүүгүй орон сууц байдаггүй юм. Хүүхэд ч итгэмээргүй ийм хачин балай зүйлд итгэж, иргэний үнэмлэхээ барьж, өөрийн хувийн мэдээллээ МАХН-ынхан ашиглуулж байгаа иргэд та нар өрөвдөлтэй харагдаж байна шүү. Та нарын итгэл үнэмшил дээр МАХН-ынхан таанз эргэж, тоглох гээд байна. Тиймээс ухаантай, алсын хараатай байхыг хүсье.
О.Гал