| | USD/MNT 0₮

Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль өнөөдөр хичээллэж байжээ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд ирэх гуравдугаар сарын 02 хүртэл олон нийтийг хамарсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, хяналт тавих үүргийг хотын Захирагч С.Амарсайханд өгсөн. Уг шийдвэрүүдийн хүрээнд холбогдох албаныхан нийслэлийн нутгийн захиргааны 120 байгууллага, ерөнхий боловсролын 197 сургууль, 237 цэцэрлэгт мэдэгдэл хүргүүлж, иргэд олон нийтэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах шийдвэрийг үл тоож  Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль хичээллэж байгаа талаарх гомдол иргэдийн зүгээс хотын Захирагч С.Амарсайханд иржээ.  Иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Баянзүрх дэх Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газар, Цагдаагийн газрын албаны төлөөллүүд өнөөдөр Орос Элчингийн дэргэдэх 14 дүгээр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлж, үйл ажиллагаагаа даруй зогсоох шаардлагыг хүргүүлжээ.

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Цэнд-очир “Засгийн газрын шийдвэрийн дагуу Элчин сайдын газраас нь ямар нэгэн мэдэгдэл ирээгүй учраас хичээллэсэн гэх тайлбарыг сургуулийн захиргаа өгсөн. Өнөөдрөөс энэ сургууль хичээллэхгүй. Бид Оросын Элчин сайдын яамны холбогдох хүмүүстэй холбогдохоор ажиллаж байна” гэв.

Цаашид Засгийн болон нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг зөрчиж олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг 7012-0000 дугаарын утсанд хандах боломжтой бөгөөд  нийслэлийн мэдээ пэйж хуудсанд мэдээллэж болох аж. Иргэдийн гаргасан гомдол мэдээллийн дагуу шуурхай албаныхан ажиллах юм байна.

Орос элчингийн дэргэдэх 14 дүгээр сургууль өнөөдөр хичээллэж байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.