| | USD/MNT 0₮

Ноцтой осол гаргаж долоон машин мөргөж, бага насны хоёр охиныг дайрсан Ч.Маралмаа бүх асуудлаа 3 тэрбум төгрөгөөр “нам” даруулсан уу

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр Ланд-200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн хэрэг гарч, олны цочирдуулж, нийгэмд шуугиан тарьсан. Тэгвэл энэ ноцтой хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэрийн дор мартагдах нь вий дээ. Цагдаагийн байгууллагаас "Тухайн жолооч 29 настай эмэгтэй, жолооны курст суугаагүй, хэргийн газарт бүрэлдэхүүн ажиллахад согтууруулах ундаа , сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглээгүй нь батлагдсан" гэх мэдээллийг өгч, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй, өмөөрч хамгаалсан байдалтай хэвээрээ байгаа.

Тэгвэл замын хашлага дагуу мөрөөрөө явж байсан 12 настай охиныг мөргөж чирч хэдэн метр улаан галзуу мэт явсан эмэгтэйн гаргасан ноцтой ослыг олон нийт мартаагүй, хариуцлага хүлээлгэхийг шахаж шаардсаар буй.

Харин эрүүл байсан хэрнээ ийм ноцтой ослыг хэн гаргасан бэ гэдгийг тэр даруй олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр устай нь ажил төрөлтэй нь гаргаад ирсэн. Тодруулбал, долоон машин мөргөж хүний эд зүйлст хохирол учруулж, эрүүл саруул явж байсан 12 настай охиныг мөргөж, биед нь хүнд гэмтэл учруулсан Ланд-200 маркийн машиныг шүдний эмч мэргэжилтэй хэрнээ эмчийн лиценз байхгүй Ч.Маралмаа гэх 29 настай эмэгтэй жолоодож явсан. Эмчлэх эрхгүй хэрнээ тэрбээр "Sun medical center Ulaanbaatar" эмнэлэгт эрүү нүүрний их эмчээр ажилладаг ажээ. Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн мэдээллийн санд Ч.Маралмааг "Мета Юү Эс Эм мед" ХХК-ийн эцсийн өмчлөгч гэж бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр хувьдаа компанитай нэгэн аж. Тус компани нь бизнесийн болон менежментийн зөвлөгөө өгөх, барааны дэлгүүр, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн жолооны үнэмлэхгүй, жолоо барих эрхгүй хэрнээ найз залуугаа архи уусан хэмээн өөрөө машиныг нь жолоодож яваад хааз тормозоо андуурсан гэх Ч.Маралмаа хувьдаа ч хоёр машинтай байсан гэх мэдээлэл байгаа юм. Түүнийг хөрөнгөтэй айлын баян хүүхэн мөнгөөр хамаг булхайгаа дарж байна гэсэн мэдээлэл ч гарчээ.

-Осол гаргасан Ч.Маралмаа түүнтэй хамт нэр холбогдоод байгаа Г.Батсүх гэгч хэн байв?-

Сэжигтэн Ч.Маралмаа 1993 онд Дархан-Уул аймагт төрсөн. Ял шийтгэлгүй. Нэг удаа цагдаагийн байгууллагад хуурамч дуудлага өгсөн гэдгээр шалгагдаж торгуулж байсан. Жолооны үнэмлэхгүй бөгөөд жолооч биш аж. ЦЕГ-ын мэдээллээр иргэн Ч.Маралмаа нь цагдаагийнхан болон цэргийнхний гэр бүлтэй хамааралтай бус ажээ. Тухайн иргэний талаар шүдний эмч гэх боловч мэргэжлийн шалгалтдаа тэнцээгүй, эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй байж эмч хийж байсан гэх мэдээлэл ч байна. Харин түүнтэй нэр холбогдоод буй Г.Батсүх нь 36 настай. Согтуугаар удаа дараа жолоо барьж, жолоочийн эрхээ хасуулсан. Тавантолгой, Хөгжлийн банкинд ажиллаж байсан, гурван хүүхэдтэй, гэр бүлтэй залуу гэх. Тэрбээр өдгөө хүнсний худалдаа, барьцаалдан зээлдүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Номт Би Би Эйч” ХХК-ийн захирлаар ажилладаг. Эндээс харахад Ч.Маралмаа, Г.Батсүх хоёр хоёулаа гэр бүлтэй хэрнээ гэр бүлээс гадуурх харилцаатай байх нь.

-Долоон машины хохирлыг 117 сая төгрөгөөр барагдуулжээ-

Замын хөдөлгөөнд оролцож байсан долоон машиныг мөргөсөн бөгөөд тэдний бүх хохирлыг барагдуулсан байна. Тодруулбал, долоон машинд 117 сая төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, машины жолооч нарыг гадагш ямар ч мэдээлэл гаргаж болохгүй шүү гэсэн гэрээ хийгээд гарын үсэг зуруулжээ. Тиймээс машинаа мөргүүлж сэвтээсэн жолооч нар өнөөдрийг хүртэл юу ч дуугарахгүй бичихгүй байна. Харин ослын бичлэгийг анх хийсэн Дарханцэцэг гэх эмэгтэй хохирол болох 3 сая 200 мянган төгрөгөө авсан төдийгүй бие нь өвдөөд эмнэлэгт хэвтжээ.

-ГССҮТ-ийн эмч нар хохирогч охины биеийн байдал ямар байгаа талаар яагаад мэдээлэл өгөхгүй байна вэ-

Ч.Маралмаагийн аав ээж мөнгөтэй, бүхнийг мөнгөөр хааж, амыг нь таглаж байна гэсэн мэдээлэл бий. Тэр ч бүү хэл Ч.Маралмаагийн үйлдсэн ослын хохирогч охины ар гэрийнхнийг олон нийтэд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас хоригложээ. Магадгүй хуулийн байгууллагыг ч худалдсан байж болзошгүй хэмээн хардаж байна. Албан бус мэдээллээр Ч.Маралмааг хохирогчид болон бусад хамаарал бүхий хүмүүст мөнгийг хайр найргүй цацсан бөгөөд 3 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх мэдээлэл ч байна.

Мөргүүлсэн охиныг хөнгөн гэмтэл авсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Гэвч охин ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад энгийн тасаг руу шилжсэн. Хэрэг явдлын дараа охины ээж “Миний охины өвдөг зулгарсан, арьс махаа ухуулж уйлж орилж байна. Үнэхээр хэцүү байна” гэж яриад намжсан. 12 настай охины ээжийг ч мөнгөөр худалдаад авчээ. Хүүхдийнхээ эрүүл мэндээр мөнгө хийсэн ар гэрийнхнээс ч хариуцлага нэхэх ёстой. Өнөөдрийн байдлаар охины биеийн байдал ямар байгаа талаар хэн ч үнэн зөв бодитой мэдээлэл өгөхгүй байгаа. Охины хувийн мэдээлэл биш биеийн байдал ямар байгаа талаар ГССҮТ-д сэтгүүлчид очсон. Гэвч хэн ч мэдээлэл өгөхгүй гэж “хөөжээ”. Яагаад вэ, охины биеийн байдлыг асуух гэсэн болохоос хувийн мэдээллийг нь сонирхоогүй лавтай. Эмч нарыг ч мөнгөөр “дарж” амыг нь тагласан байх магадлал маш өндөр. Өргөсөн тангарагтай эмч нар өнөөдөр яагаад өвчтнийхөө биеийн байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөхгүй байна вэ. Дэгж дэгдэж яваад осолд өртөж мөргүүлсэн охидын талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар нь олонд бодит мэдээлэл өгөх ёстой биздээ.

Нөгөө талд Ч.Маралмааг ч өмөөрч хамгаалж байгаа бүлэг бий. Тэд өнөөдөр өмөөрч болох ч маргааш гаргах эрсдлийг нь тооцоолохгүй байна. Өнөөдөр өмгөөлж хамгаалж болох ч маргааш таны хайртай бүхнийг чинь дайраад амь нас эрүүл мэндийг нь эрсдэлд оруулаад хохироогоод явбал яана. Монголд олон “Маралмаа” бий. Тиймээс болгоомж сэрэмж хаана ч илүүдэхгүй.

Цаашдаа Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож, улмаар осол аваар гаргаж бусдын амь нас, аюулгүй байдалд халдсан бол бүх насаар нь жолооны эрхийг нь хасаж, 10 ба түүнээс дээш жил нийгмээс таслах, хорих хуультай болох ёстой. Мөнгөтэй хүн гаргасан ослоо ч хааж дарж болдог гэдгийг Ч.Маралмаагийн гэр бүлийнхэн харуулж байна. Хохирлоо барагдуулсан машины эзэд “ган” гэж ганц үг дуугарахгүй амаа үдүүлсэн. Хэвлэлийнхэн эрүүл саруул гүйж явсан бяцхан охины ар гэрээс үнэн зөв мэдээллийг авч чадахгүй байгаа ч ГССҮТ-ийн эмч нараас үнэн зөв мэдээллийг шаардах эрхтэй. Мөнгө хүчтэй ч үнэний өмнө хүчин мөхөстдөг юм шүү Ч.Маралмаагийн гэрийнхээн. Энэ ноцтой ослыг хэзээ мартаж болохгүй, осол гаргасан Ч.Маралмаад Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохыг шахна, шаардана, бас харна.

 

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.