| | USD/MNT 0₮
Уржигдар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа “1000, 1000 тн самар гаргадаг хэрнээ татвар төлдөггүй, нэг ч ажилтангүй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг цуцлахыг Ойн газарт үүрэг болголоо” гэсэн постыг оруулсан нь олны анхааралд хүрэв.
Энэ агуулга нэг талаасаа татвар төлдөггүй аж ахуй нэгжүүдийг шүүмжилж буй мэт боловч угтаа ургадаг баялагтаа эзэн байх гэсэн утгыг хүргэж, хуш модны самарыг ямар үнэ цэнэтэйг мэдрүүлэв.
Өнгөрсөн хугацаанд манай улс хуш модны самарыг БНХАУ руу тоймгүй ихээр нэг ч төгрөгийн татваргүйгээр гаргасаар ирсэн байдаг. Харин эргээд гаргасан байгалийн үнэт түүхий эдийг боловсруулсан байдлаар импортоор хэд дахин нугалсан үнээр худалдаж авдаг нь Монголын эмгэнэл.
Хуш мод нь ОХУ, Монгол гэсэн хоёрхон улсад ургадаг аж. БНХАУ манай улсаас хуш модны самрынхаа нийлүүлэлтийн ихэнх хувийг нь авдаг. Тухайн самраар олон төрлийн бүтээгдэхүүн хийж худалдсаар Дэлхийн олон орны хэрэглэгчдийн дунд хэдийнэ тархаад буй.
Нөгөө талаасаа Манай улсад хушны самар экспортод гаргадаг 30 гаруй компани бий. Тус аж ахуй нэгжүүдийн талаас илүү нь компанийн гэрчилгээ, тамганаас өөр зүйлгүй, ажилтан, албан хаагчгүй, татвар болон даатгал төлдөггүй “оффшор” компаниуд байдаг аж. Тиймээс энэ асуудлыг цэгцэлж, хуш модны самрыг Монголдоо боловсруулж, бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэж гаргаж чаддаггүй юм гэхэд ядаж үнэгүй гадагш борлуулдаг байдлыг болиулж татвар авдаг болгох цаг хэдийнэ иржээ.
Хэрэв хилээр гарч буй хуш модны ширхэг самар бүртээ татвар оногдуулж чадвал Улсын төсвийн бүрдүүлэлтэд багагүй нэмэр болох юм. Ингэх нь байгалийн баялагаа үнэгүйдүүлэхгүй байхаас гадна замбараагүй экспортын хазаарыг татна. Бид үйлдвэрлэгч орон биш гээд суухаас өөрөөр самраар эцсийн бүтээгдэхүүн гаргах нь дараагийн асуудал. Харин Монголынхоо хөрсөнд ургаж, БНХАУ-аар дамжин Дэлхийд тархаад буй үнэт баялагтаа эзэн нь байж, үнэгүйдээд удсан самарыг татвараар амь оруулах нь эхний алхам юм.