| | USD/MNT 0₮

М.Оюунчимэг: Гадаа +12 хэм байхад оройдоо утаа хэдийн гараад Зайсанд ч үнэртээд эхэлсэн. Цахилгааны шөнийн тарифыг зогсоочхоор юу болох вэ?

УИХ-ын өнөөдрийн чуулганы эхэнд зарим гишүүн санал гаргаж, үг хэлсний нэг нь УИХ-ын М.Оюунчимэг байлаа. Тэрбээр 2023 оны төсвийн төсөлд иргэдэд үзүүлдэг эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж орж ирсэн талаар байр сууриа илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу нийслэл, аймаг, сум гээд 10,000-аас дээш хүн ам төвлөрсөн сум суурин газрын гэр хорооллын иргэдийн шөнийн тарифыг хөнгөлж ирсэн ч 2023 оны төсөв дээр Эрчим хүчний сайдын багцад тусгагдаагүй орж ирсэн асуудал иргэдийн шүүмжлэл дагуулж байна. 

Үүнийг Төсвийн байнгын хороо анхаарах хэрэгтэй" гэлээ.

2022 оны мэдээллээр Улаанбаатар хотод 125,000, орон нутагт 48,000 айл өрх 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд хамрагдсан байна. Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хууль нэрээр эрчим хүчний тарифын хөнгөлөлтийг цуцалж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хэллээ. 

Тэрбээр "Төрийн хэмнэлтийн хууль оновчтой байх ёстой. Үнэ өндөр байгаа энэ үед Төрийн хэмнэлтийн тухай хууль ард иргэдэд дарамт, хүнд суртал учруулж болохгүй, иргэдийн амьжиргааг дэмжсэн байх ёстой. Гэтэл өнөөдөр хөнгөлөлтгүй гээд төсөв дээр хасагдаад ороод ирсэн байна. Хэрэв энэ мөнгө хасагдвал Засгийн газрын 199 дүгээр тогтоол хүчингүй болж, агаар хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээ үр дүнгүй болно. 

 Гадаа +12, +13 хэм дулаан байхад орой утаа хэдийн гараад, гэр хороолол биш Зайсанд ч үнэртээд эхэлсэн. Эрчим хүчний шөнийн тарифыг байхгүй болговол юу болох вэ? 

Чингэлтэй дүүргийн 50,000 гаруй иргэнтэй уулзалт хийлээ. Одоо хэрэглэж байгаа шахмал түлшний чанар үнэр 2018 оноос тэс өөр болсон, илүү их утаа гардаг болоод байна гэж байна. Иргэд 10-40 сая төгрөг гаргаад халаагуур аваад, хашаандаа сайхан амьдрах нөхцөл бүрдүүлээд явж байхад ийм хэмнэлт хийж болохгүй.  

 Төсөв хэлэлцэж байхад иргэдийн саналыг тусгаж явах ёстой" гэлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.