| | USD/MNT 0₮
Дэлхий нийтэд хурдацтай тархан ард иргэдийг айдаст автуулж байгаа шинэ Коронавирүсийн талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны ТЗУГ-ын дарг Б.Цогтбаатар “Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгджээ. Нас баралт бүгд БНХАУ-д бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа бол 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Монголд бүртгэгдээгүй. Гэхдээ орж ирэх эрсдэл ойрхон байна.
Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангах, шаардлагатай гэсэн эм, эмнэлгийн хэрэгслийг худалдан авахыг Засгийн газраас даалгасан. Кино үзвэрийн газруудад 18-аас доош насны хүүхдүүдийг оруулахгүй байх. Бодит мэдээллийг ЭМ-ийн сайд шуурхай өгнө.
Мөн 0-5 хүртэлх насны хүүхдээ харж байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно. Эрүүл мэндийн яам болон эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой бодит мэдээллийг олон нийтэд тараах ёстой.
Гэхдээ мэдээллийг мэргэжлийн хүнээс авах ёстой.Сандарч тэвдэхгүй, өрх гэрийнхээ түвшинд өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, зөв мэдээлэл авч зөв дадал суулгаарай. Сенсааци тараах шаардлага байхгүй. Худал мэдээллийг санаатай олон нийтийн сүлжээнд тараавал Зөрчлийн хуулиар торгох хуулийн заалттай шүү” гэлээ.
Энэ долоо хоногт оношлуураа аваад баталгаажуулна
ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордицаг “Коронавирүсийн тоог та бүхэн бодитоор сонслоо. Хятадаас гадна 35 оронд бүртгэгдээд байна. ДЭМБ ЭМЯ-тай хамтран ХӨСҮТ-ийн бэлэн байдлыг үзэж танилцсан. Бэлэн байдлын ажлыг сайн хангаж байгаа юм билээ. Энэ долоо хоногт коронавирүсийн оношлуураа аваад баталгаажуулна. Баталгаажуулсан сорьцоо ДЭМБ руу явуулж дахин баталгаажуулах ажиллагаа явагдана"
БИД БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бэлэн байдлын талаар сая дарга нар тодорхой мэдээлэл өглөө.
Монголд уг халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл хэр байгаа талаар эрсдлийн үнэлгээг хийж байна. Өвчлөл, тархалтын байдлыг харахад цаг минутаар нэмэгдэж байна. Тиймээс бид давтан давтан эрсдлийн үнэлгээ хийж байна. Халдвараас сэргийлэхийн тулд салбар хоорондын хуралдаанаа хийнэ.
Хилийн нэвтрэх цэгээ сайн хянаж байгаа. Манай төвд 6-7 хүнийг тусгаарлаж, оношийг тодруулахад томуугийн А хүрээний вирус илэрсэн. Харин тэднийг эмчлээд эрүүлжүүлээд гаргасан. Манай төвийн лабораторийн шинжилгээ баталгаатай. Өнөө маргаашгүй короновирүсийг оношлох оношлууртай болох гэж байна” гэв.
ХАМГИЙН ГОЛ НЬ ГАРАА САЙН УГААЖ, МАСКАА ТОГТМОЛ ЗҮҮХ ЁСТОЙ
ЭМЯ “Мэргэжлийн эмч нарын багийг бүрдүүлж, сургалт зааж зөвлөгөө өгч байна. Яаман дээр ч тусгай чиглэлүүд гаргасан ажиллаж байна. Болзошгүй эрсдлээс хэрхэн сэргийлэх хамгаалах талаар онцгой байдлын газартай хамтран ажиллаж байна. Харин эрсдлийн үнэлгээг хийж байна.
Иргэд рүү чиглэсэн зөв зөвлөмж зөвлөгөөг маш сайн өгч байна. Хамгийн гол нь гараа сайтар угааж тогтмол угаа. Амны хаалтыг тогтмол зүү. Бусад орон руу зорчихгүй байх ёстойг иргэдийн гар утсанд мессэжээр илгээж байгаа юм. Мэдээллийн урсгал нэг байх үүднээс зөв оновчтой мэдээллийг шуурхай өгч байна. Оношилгооны хувьд гэвэл ДЭМБ-аас ямар зөвлөмж өгч байна. Түүнийг л дагаж ажиллаж байгаа. 21 үүсгэгчийг бол тодорхойлж чадаж байгаа. Шинжилгээгээг улирал тутамд баталгаажуулж яваа. Эмнэлгийн бэлэн байдлыг сайн хангаж байгаа. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн нөөцөө сайн бэлтгэсэн байгаа. Хамгийн гол нь иргэд өөрсдөө өрх гэр бүл болон хайртай дотны хүмүүсээ хамгаалах ёстой шүү” гэлээ.
Өнөөдрийн 10.00 цагийн байдлаар нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгджээ. Нас баралт бүгд БНХАУ-д бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байгаа бол 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.