| | USD/MNT 0₮

УИХ-ын дарга Г.Занданшатарын цахим хуудсанд “БНМАУ” хэмээн бичсэн хэвлэлийн албаны дарга хариуцлага хүлээж, ажлаа өгнө

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн өдрүүдэд Турк улсад албан айлчлал хийсэн. Энэхүү айлчлалынхаа тухай цахим хуудаснаа бичихдээ "Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж нэр томъёо хэрэглэсэн нь олны шүүмжлэл дагуулсан. Тэгвэл түүний цахим хуудсыг хөтөлдөг УИХ-ын Хэвлэл мэдээллийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбаяр хариуцлага хүлээж ажлаа өгөхөөр болжээ.

Энэ тухайгаа "Монгол Улсын Их Хурлын дарга 2022.10.13-17-нд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын сүүлийн өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхсан тухай мэдээллийг миний бие Улсын Их Хурлын даргын цахим хуудаст оруулах үеэрээ “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэж нэр томъёоны томоохон эндүүрэл гаргасандаа хүлцэл өчиж байна.

Айлчлалын давчуу хөтөлбөрийн хугацаанд үйл явдлын мэдээ, мэдээллийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх нь миний үүрэг бөгөөд энэ хүрээнд албан үүрэгтээ хариуцлагатай, нягт нямбай хандах зарчмыг хөсөрдүүлсэн нь миний буруу боллоо.

Миний бие Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын хувьд Улсын Их Хурлын даргын сошиал хуудасны админаар ажилладаг байсан. Тус хуудсанд сүүлийн үед гарсан зарим алдаатай контентууд надаас хамааралтай байсан.

Тиймээс буруу нэр томьёо хэрэглэж, олон нийтийг бухимдуулсан, мөн Улсын Их Хурлын даргын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн мэдээ мэдээлэл цацсандаа хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж, албан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдье" хэмээжээ.

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.