Хүйтний улирал ирж буй энэ өдрүүдэд сайжруулсан шахмал түлшинд иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон асуудал өдөр бүр бүртгэгдсээр байна. Засгийн газар хуралдаж үүсээд байгаа асуудлын талаар хэлэлцэж Нийслэлийн 220 мянган өрхөд “Угаарын хий мэдрэгч” төхөөрөмжийг нэг удаа үнэгүй тараана гэж шийдвэрлэсэн.
Харин тодорхой ажлын хэсэг БНХАУ-ыг зорьсон байна. Тэд эхний ээлжид угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг судлахаар урд хөршийг зорьсон гэнэ.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ирэх арваннэгдүгээр сарын 1 –ний өдрөөс өмнө угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тараана гэж мэдэгдсэн юм. Утаагүй Улаанбаатарыг бий болгох төсөл хөтөлбөрүүд ихээр хэрэгжсэн ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй. Жишээлбэл 2008-2019 оны хүртэлх хугацаанд улсын төсвөөс 170 тэрбум, гадаадын зээл тусламжаар 105 сая ам.доллар зарцуулсан байгаа юм. Үүний нэгэн адил шахмал түлшний үйлдвэр барьж, технологи нэвтрүүлэхэд одоогоор түлшнээсээ гадна 17 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх. Харин үүн дээр нэмэгдээд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг авахад улсын төсвөөс 6,6 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байна. Энэ мэт татвар төлөгчдийн мөнгийг харамгүй цацаж байгаа ч үр дүн нь хэрхэн гарах нь тодорхойгүй байна.