| | USD/MNT 0₮

Ард иргэдээ улныхан гэж доромжилсон сайдыг огцруулсан шигээ өлөн гэж доромжилсон Б.Жавхлан сайдыг ч огцруул

Хорин хэдхэн хоног ХНХ-ын сайд хийсэн Д.Сарангэрэл өөрийн болчимгүй бодлогогүй хэлсэн үгнээсээ болж сайдын суудлаа өгсөн. Ам алдвал барьж болдоггүй агт алдвал барьж болдог гэгчээр тэрбээр ард түмнийхээ амь амьжиргааг улныхан хэмээн доромжилсноос болж Ерөнхий сайд нь захирамж гаргаж түүнийг сайдын суудлаас нь чөлөөлсөн юм. Д.Сарангэрэл сайд өөрөө ч ёсзүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч ард түмнээсээ уучлалт гуйгаад сайдын суудлаасаа буусан байдаг юм.

Тэгвэл бас нэгэн ёсзүйн алдаа гаргаж, Үндсэн хууль зөрчсөн сайддаа Ерөнхий сайд хариуцлага тооцох ёстой. Тодруулбал, Сангийн яамны санхүүжилтээр гаргасан Ибаримтын сурталчилгаа ухуулга ард түмнээ мөн л өлөн зэлмэн гэж доромжилсон өнгө аястай байсныг олон нийт шүүмжилсэн. Тус сурталчилгаанд өлөн хүмүүс л баримт уншуулж эцэстээ азтан болдог. ТҮК-ийн ажилчид ч өлөн гэсэн утга агуулгыг харуулсан шторк байв. Сангийн яамныхан ард түмнээ санаатай бай, санамсаргүй байдлаар "ӨЛӨН" гэж тодотгож болох уу. Ийм болчимгүй бодлогогүй, ард түмнээ дорд үзэж, ибаримтын төлөө өлөн байдаг гэсэн ойлголт ухагдахууныг олон нийтэд өгсөн Сангийн яамныхан сайдтайгаа хамт хариуцлага хүлээх ёстой. Гэтэл хариуцлага хүлээх битгий хэл өөрийгөө хаацаалсан хариу тайлбар өгсөн нь олны дургүйцлийг ихэд хүргэв. Өнгөрсөн долоо хоногт Сангийн сайд Б.Жавхлан энэ асуудалд тайлбар хийж, өөрийгөө өмөөрч байна билээ. Тэрбээр "Төсвийн тодотгол дээр ажиллаад нойр хоолгүй шахуу явж байх хойгуур ийм нэг юм болчихлоо. Маш энгийн ойлгомжтой шторк байсан. Гэхдээ энэ байдалд нь анхаарал хандуулаагүй анзаараагүй нь алдаа болжээ. Би тэр алдааг засварлаад даруй зогсоосон. Нойр хоолгүй явж байх хооронд ийм юм болчихлоо. Татварын ерөнхий газрын дарга гадаадад биеэ эмчлүүлж байх хооронд анхаарал сарниад ийм юм болчихлоо. Манай залуус болон хэвлэлийн ажилтан зохион байгуулсан ажил. Би үзсэн алдаатай зүйлүүд олон байсан. Ёсзүйгүй үг хэрэглэсэн байна билээ. Тиймээс шторкийн төлбөр гэж байхгүй. Төлбөр төлөхгүй" гэсэн утга илэрхийлсэн тайлбар хийсэн байсан. Үнэдээ бол ард түмнээ өлөн зэлмэнгээр нь тодорхойлсон Сангийн яамныхан улны айл гэсэн нэр томъёог гаргаж ирсэн Д.Сарангэрэл сайдаас ялгарах юм огт алга. Засгийн газар, Сангийн яам нь ард иргэдийнхээ идэж ууж, эдэлж хэрэглэх зүйлээс нь 10 хувийн татвар авч, шимэгч мэт төсвөө бүрдүүлдэг байж ингэж доромжилсон байдлаар аашлах эрх байхгүй. Татвар төлж төсөв бүрдүүлдэг иргэдээ өлөн гэж доромжлох ёсгүй. 

Ийнхүү алдаа, асуудлыг өөрөөсөө бултуулж, яамныхаа ажилтан болон хэвлэлийн ажилтанд бурууг тохоод, өөрийгөө зөвтгөсөн сайдад хариуцлага хүлээлгэх ёстой. Б.Жавхлан сайд хараагүй хянаагүйгээр шторк бэлэн болох ёсгүй. Харин ч хариуцлага хүлээх ёстой байтал хариуцлагаас өөрийгөө мулталж, уснаас хуурай гарах аргаа олсон хариу тайлбар хийсэн нь олонд таалагдахгүй, ойлгогдохгүй байгаа шүү. Тиймээс ард түмнээ "өлөн" гэж тодотгосон Сангийн сайд Б.Жавхланд хариуцлага хүлээлгэ. Нөгөө талаар өөрөө ч алдаагаа хэн нэгэнд нялцаах биш өөрөө үүрч, сайдын суудлаасаа огцор. Адилхан хоёр сайд болчимгүй алдаа гаргасан байтал нэгийнх нь толгойг илж, нөгөөд нь хариуцлага үүрүүлээд буулгах нь хэр шударга ёсонд нийцэх вэ Ерөнхий сайдаа. Тиймээс хариуцлагыг нь адилхан үүрүүлэхийг олон нийт шаардаж байна. 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.