| | USD/MNT 0₮

Дэлхий нийт хүнсний хямралд өртөж хэдэн мянган хүн өлсгөлөнгөөр амиа алдаж байна

Дэлхий дахинд хүнсний хямрал гүнзгийрч, өнөөдөр дөрвөн секунд тутамд нэг хүн өлсгөлөнгөөр амиа алдаж буйг 200 гаруй төрийн бус байгууллага өчигдөр гаргасан хамтарсан мэдэгдэлдээ анхааруулжээ.

Нийт 75 улсын 238 төрийн бус байгууллага Нью-Йорк хотод эхэлсэн НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганд оролцож буй улс орнуудын удирдагчдад дээрх мэдэгдлээ хаягласан байна.

“Өнөөдөр 345 сая хүн өлсгөлөнгийн хурц хэлбэрт амьдарч байгаа нь 2019 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн тоо юм. Дэлхийн орнуудын удирдагчид 21 дүгээр зуунд өлсгөлөнг хүлээн зөвшөөрөхгүй гэж амлаж байсан ч өнөөдөр Сомали улсад дахин өлсгөлөн эхэлж байна. Дэлхийн 45 орны 50 сая хүн өлсгөлөнгийн ирмэг дээр амьдарч байна” гэж уг нээлттэй захидалд бичжээ.

“Хөдөө аж ахуй, ургац хураах техник, технологи хөгжсөн 21 дүгээр зуунд өлсгөлөнгийн тухай ярьсаар байгаа нь үнэхээр аймшигтай. Энэ бол нэг улс, нэг тивийн асуудал биш. Бас өлсгөлөн хэзээ ч ганцхан учир шалтгаантай байдаггүй. Энэ бол хүн төрөлхтний шударга бус байдалтай холбоотой асуудал юм. Хүмүүст ирээдүйдээ санаа тавьж, өөрийгөө болон гэр бүлээ тэжээх боломж олгохын төлөө бид нэг хором ч зүгээр суух ёсгүй” гэж ил захидалд гарын үсгээ зурсан хүмүүсийн нэг, Йемений Гэр Бүлүүдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Моханна Ахмед Али Элжабали ярьж байна.

Өөр ертөнцөөр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.