| | USD/MNT 0₮

Илон Маск гэж хэн бэ? Тэр яагаад байнга олны анхаарлын төвд байдаг вэ?

Илон Маск гэж хэн бэ? Яагаад тэрээр байнга олны анхаарлын төвд байдаг вэ?

Илон Маск бол 50 настай америк зохион бүтээгч, төсөөлөгч ба тэрбуумтан. Жил бүр рейтингээ шинэчилдэг Forbes сэтгүүл 2022 онд түүнийг 219 тэрбум долларын хөрөнгөтэй, энэ дэлхийн хамгийн баян хүнээр тодруулжээ. Өнгөрсөн хэдэн жилд Маск энэ цолыг хэд хэдэн удаа  хүртэж байсан ч “бодит цаг хугацаанд” гэсэн рейтингээр, мөн тэрээр эхний байраа хааяа нэг Amazon-ы үүсгэн байгуулагч Джефф Безос-д алдаж байсан түүхтэй.

Маскын хамгийн алдартай хоёр төсөл бол Tesla цахилгаан машины үйлдвэрлэл болон сансарын SpaceX компани юм. 2020 оны 5-р сарын 30-ны өдөр SpaceX түүхэндээ анх удаа сансар луу хувийн Crew Dragon хөлөг онгоцыг хөөрүүлсэн. Үүнээс өмнө 9 жилийн турш сансарын нисгэгчдийг Олон улсын сансарын нисгэх станц руу оросын “Союз” серийн хөлөг онгоцууд хүргэдэг байсан юм. Мөн SpaceX интернет хиймэл дагуулуудыг газарт ойр, нам орбит руу илгээх төслийг идэвхтэйгээр хөгжүүлж байгаа. Ийм тоног төхөөрөмжүүдийг нэгтгэх аргаар дэлхийн аль ч цэгт өргөн хүрээний интернетээр хангах глобал сүлжээ үүсгэх зорилготой. SpaceX-ын бас нэгэн алдартай төсөл бол Марсыг колончлох төлөвлөгөө юм.

Илон Маскын намтар

Илон инженер Эррол Маск болон хоол судлаач, алдартай загвар өмсөгч Мэй Маскын гэр бүлд 1971 оны 6-р сарын 28-нд Өмнөд Африкийн Преторид төрсөн. Түүний төрсөн эрэгтэй дүү Кимбал нь  The Kitchen сүлжээ рестораны эзэн бол эмэгтэй дүү Тоска нь кино найруулагч, продюсер хийдэг.

Маск анх 12 настайдаа өөрийн зохиосон Blastar видео тоглоомыг 500 доллароор зарж олсон мөнгөөрөө эм зүйн компанийн хувьцаа худалдаж авсан. Хувьцаагаа зарснаар Маск эцэг эхээ салсаныхаа дараа Африкаас Канад руу нүүж чадсан бөгөөд тэнд хэсэг Пенсильваны их сургуульд суралцсан. Тэнд тэрээр физик болон эдийн засгийн бакалаврын зэрэгтэй болж дараа нь Стэнфорд руу элсэн орсон ч өөрийн бизнесээ эхлүүлэхийн тулд 7 хонох ч үгүй сургуулиа хаясан: Маск өөрийн дүү Кимбалын хамтаар Zip2 Corporation компанийг үүсгэн байгуулсан байдаг. Үйл ажиллагааны чиглэл нь мэдээний агентлагуудад программ хангамж нийлүүлэх байсан бөгөөд компаниа хэсэг хугацааны дараа америкийн компьютер үйлдвэрлэгч Compaq компанид худалдсан юм. Тухайн үед Илон өөрийн эзэмшдэг хувьцаагаа 22 сая доллароор зарж байжээ.


Зохион бүтээгчийн бусад төсөл болоод компаниуд

X.com төлбөрийн цахим систем нь  Confinity компанитай нийлж нэрээ PayPal болгон өөрчилж 2002 онд eBay 1,5 тэрбум саяаар худалдаалагдсан байдаг /Ингэхдээ Маскийн хувь 180 сая доллар хүрсэн/.

Цахилгаан автомашины үйлдвэрлэл, угсралтын Tesla бол Маскийн цорын ганц олон нийтэд ил компани. Tesla Motors-ыг Маск биш Мартин Эберхард болон Марк Тарпеннинг гэх инженерүүд анх 2003 онд үүсгэн байгуулж байсан түүхтэй. Харин бизнес эрхлэгч маань жилийн дараа PayPal-оо борлуулсан ашгийнхаа тодорхой хувиараа хөрөнгө оруулж тус багт нэгдэж байсан. Гэвч олон нийтэд компани нь түүний нэрээр л танил байдаг ба энэ нь бас үндэслэлгүй зүйл биш юм. Илон л энэ биснесийг шинэ түвшинд гаргасан. 2015 онд Tesla Model S 70D загвар “зууны автомашинаар” нэрлэгдсэн, харин Tesla Model S нь 2013 онд сүүлийн 70 жилд “Оны шилдэг автомашин” шагнал хүртэж байсан машинуудаас хамгийн шилдэгээр шалгарч байсан. Мөн тус компанийн бүрэлдэхүүнд SolarCity хэмээх нарны хавтан, аккумуляторон зайны үйлдвэр байдаг.

Сансарын техник үйлдвэрлэгч компани Space Exploration Technologies Corporation буюу SpaceX. Одоогийн байдлаар Falcon 1, Falcon 9, Falcon Heavy тээвэрлэгч пуужин болон Dragon сансарын хүлэгийг зохион бүтээсэн. Илон аль эртнээс л сансар луу нисэх болоод Марсыг колончлох мөрөөдөл тээж ирсэн. 2020 оны 1 сард тэрээр 2050 он гэхэд Марс луу 1 сая хүн явуулах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан. 10 жилийн дотор олон удаагийн ашиглалттай мянган сансарын хөлөг угсрах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүн дээр SpaceX аль хэдийн ажиллаад эхэлсэн. Гэхдээ одоогоор компанийнх нь үндсэн бизнес нь газар ойр орбит руу ачааны тээвэрлэлт хийх юм.

Дэлхий өнцөг бүрт өндөр хурдны интернет түгээх зорилготой газарт ойр дагуулуудын Starlink систем. 2020-иод оны дундуур орбитод 12 мянган хиймэл дагуул гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. 2020 оны 4-р сард орбитод 418 хиймэл дагуул гарсан байсан бол жилийн дараа 1,3 мянган сансарын аппаратуудыг гаргасан байдаг.

Өндөр хурдны вакуум Галт тэрэг Hyperloop төсөл. Одоогийн байдлаар бүтэн хэрэгжээгүй байгаа. Hyperloop-ыг онгоцноос 2 дахин, хурдны галт тэргээс 3-аас 4 дахин илүү хурдан байна гэж таамаглаж байсан. Төслийн хэрэгжилтэн дээр Маск болон хэд хэдэн өрсөлдөгч багууд ажиллаж байгаа.

Хиймэл оюун ухааны НКО OpenAI компани. Төслийн гол зорилго нь дэлхийн нийт хүн амд хэрэгцээтэй байх хүчтэй хиймэл оюун ухаан бүтээх юм. Илон ганц бус удаа ирээдүйн бидний машинуудтай харьцах харилцааны аюулын талаар үзэл бодлоо илэрхийлж байсан. Түүний бодлоор хиймэл оюун ухаан нь хүн төрөлхтөний хамгийн бодит заналхийлэл байж болох бөгөөд цөмийн зэвсгээс илүү аюултай болж хувирах боломжтой юм.


Нүхэн гарцын барилга угсралтын The Boring Company нь эхэндээ SpaceX-ын охин компани байсан бөгөөд 2018 онд тусдаа гарсан. Үндсэн концепц нь хотын тээврийн системийг автомашинуудад зориулсан, гадагшаа гарцтай нүхэн гарцын томоохон сүлжээ бий болгох. Компанийн анхны ашгийн  төсөл нь Лас-Вегасд өндөр хурдны жийргэвчин систем бүтээх ажил байх болно.

Нейротехникийн компани Neuralink. 2019 оны 7-р сард тэрбумтан маань тус компанийн хамгийн сүүлийн нээлт болох N1 тархины чипын талаар мэдэгдэл хийж байсан. Жижигхэн утасгүй төхөөрөмж нь тархинд суулгаддаг бөгөөд сэтгэцийн эмгэгтэй ба саажилттай хүмүүсд туслах зориулалттай. Neuralink нь 2020 оны 8-р сард чипээ олон нийтэд танилцуулж  2021 оны хавар тархинд нь чип суулгасан сармагчинг видео тоглоом тоглож байгааг харуулсан. Ирээдүйд роботууд хяналтаас гарах юм бол хүн болоод хүний чадварыг тэнцүүлэх зорилготой.

 

Илон Маск өөр юугаараа алдартай вэ?


Бизнес эрхлэгч маань орос хэлд дуртай гэж ярьж байсан. Тэрээр Twitter дээ нэг бус удаа компаниуд, олны танил болоод энгийн хүмүүсийн комментэнд оросоор хариулж байсан мөн орос хэлний сонсогдох байдал таалагддаг гэж хэлж байсан удаатай. 2021 оны хавар Маск оросын “Шинэ Мэдлэг” шинжлэх ухаан гэгээрүүлэх форумд онлайнаар илтгэл тавьсан байдаг. Гэхдээ тэрээр илтгэлээ англи хэл дээр тавьсан.

Мөн Маск нь хачирхалтай үг үйлдлүүдээрээ алдартай. Жишээлбэл, 2018 онд америкийн комедиан Жо Роганы шоунд оролцох үеэрээ марихуан тамхины хольцыг татаж орхисон, харин дараа нь АНУ-д марихуаны зарж борлуулсан тохиолдолд ял эдлүүлэх тухай хуулийг дэмжсэн байдаг.

Маск коронавирустэй холбоотой үймээнийг тэнэглэл гэхээс гадна өөрийгөө тусгаарлах дэглэмийг фашисм нэрлэж байсан.

Хувийн амьдрал

Илон Маск 3 удаа гэрлэж байсан /энэний 2 удаа нь нэг эмэгтэйтэй/. Анхны эхнэр болох зохиолч Жюстин Уиолсонтой тэр Канадад сурч байхдаа танилцсан байдаг. Хосууд 5 хүүтэй. Хоёрдахь эхнэр, жүжигчин Талула Райлитэй анхны эхнэрээсээ салах процесс эхэлсний дараахан Лондонд танилцаж байсан. Тэр хоёрын дундаас хүүхэд гараагүй. 2012 оны 1-р сард хосууд салж 1 жилийн дараа дахин гэрлэсэн ч 2014 онд харилцаандаа нэг мөсөн цэг тавьсан. Одоогоор Илон канадын дуучин Граймстай албан ёсны харилцаатай байгаа бөгөөд хосууд дундаасаа нэг хүүтэй.

Хүүдээ өгсөн нэр нь мөн олныг гайхшруулсан – тэр хоёр хүүгээ X Æ A-12 гэж нэрлэсэн / Икс Эш Эй Твелв Маск эсвэл Икс Эш Архангел Маск гэж уншигдана/. Граймс хүүгээ өхөөрдөж Жижигхэн Икс / Little X/ гэж дууддаг бол Илоны ээж нь ач хүүгээ Экс гэж дууддаг.


Бонус:
Илон Маскийн амжилтын 10 нууц

Орчин үеийн хамгийн алдартай, амжилттай яваа шинийг санаачлагчдын нэг болох Илоны амьдралаас авч болох сургаалиудыг Forbes сэтгүүл гаргажээ.

1.     Их унш

Илон багадаа Британий нэвтэрхий толийг уншиж дуусгасан бөгөөд том болоод ч ном унших дуртай хэвээр үлдсэн. Амьралд амжилтад хүрэхийн тулд байнга өөрөө суралцаж, мэдлэгийн хүрээгээ тэлж, шинэ содон санаануудаар тэжээгдэж байх ёстой.

2.     Сурталчилгаанд битгий мөнгө зарцуул

Бүтээгдэхүүний чанар нь өөрөө өөрийнхөө сурталчилгаа болж аяндаа амжилтад хүрнэ.

3.     Хэтэрхий оройтохоосоо өмнө эрсдэл хий

Цаг хугацагаа өнгөрөх тусам бидний хүлээх ёстой маш олон төрлийн хариуцлага нэмэгддэг учраас бизнес эрхлэх хамгийн зохимжтой цаг үе бол чиний залуу нас. Үүнээс гадна нас явах тусам бидний хийсэн эрсдэлтэй алхмууд гэр бүл, хүүхдүүдэд маань нөлөөлж эхэлдэг.

4.     Хичээнгүй, их ажилла

Илон Маск хөдөлмөрийн хатуу ёс зүй баримталдагаараа алдартай нэгэн. Тэрээр ихэнхдээ 7 хоногт 100 хүртэлх цагаар ажилладаг. Хэн ч заавал яг ингэх ёстой гээгүй ч потенциалаа гээхгүйн тулд өөртөө бага зэрэг түлхэц өгөх хэрэгтэй байх.

5.     Гомдоллож шүүмжлэхийн оронд Бүтээ

Нөхцөл байдалд буруу өгч гомдоллож суухын оронд Маск үргэлж асуудлын шийдлийг олохыг хүсдэг. Ингээд замын түгжрэлд бухимдахын оронд тэрээр газар доорх нүхэн гарцын системийн  тусламжтайгаар замын хөдөлгөөнийг бууруулах зорилготой The Boring Company-г үүсгэн байгуулсан байдаг.

6.     Стейкхолдеруудаа гэр бүл шигээ хайрла

Бизнесийн салбарын манлайлагч нар өөрсдийнхөө харилцагч болон хамтран ажиллагсаддаа гэр бүл шигээ ханддаг. Жишээ нь Маск үргэлж харилцагчиддаа Twitter-ээр дамжуулан талархаснаа илэрхийлдэг. Тийм ч сүртэй зүйл биш ч гэлээ хүмүүс иймэрхүү жижиг зүйлсд ач холбогдол өгдөг.

7.     Амжилтыг төлөвлөж, уналтад бэлэн бай

Өөрийн мөрөөдөлдөө хүрэхийн тулд хамгийн сайнаараа хичээх хэрэгтэй гэлээ бүтэлгүйтэхэд бэлэн байх хэрэгтэй. Танд ухрах төлөвлөгөө байвал уналтын дараа нөхөн сэргэхэд илүү хялбар байх болно.

8.     Шинэ хэв маягийг дагах бус Бий болго

Амжилттай явж буй ихэнх компаниуд инновацийн шинэ шийдэл бүтээхэд чиглэсэн байдаг. Бусдыг дагахаас илүүтэйгээр өөрийнхөө бусдаас онцгойруулах зүйл дээр төвлөрсөн нь дээр.

9.     Эргэн холбоо үүсгэх зангилаа үүсгэ

Та юуг сайжруулах болох талаар үргэлж бодож шүүмжлэлээс бүү ай: шүүмжлэл нь ихэнхдээ таны урьд өмнө анзаарч байгаагүй түлхүүр зүйлсийг тусгаж өгдөг.

10.  Хийж буй ажлынхаа эерэг зорилгыг ол

Жижиг томоос хамааралгүйгээр зорилго нь идэвх санаачлагаа гээхгүй байхад тань туслах болно.

Орчуулсан:

Э.Энхжаргал

Эх сурвалж:

https://trends.rbc.ru

 

My Career

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.