| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, импортын цементийн татварыг арванхоёрдугаар сарын 31 хүртэл тэглэх шийдвэр гаргажээ. Дотоодын цементийн хэрэгцээгээ бүрэн хангах үйлдвэрүүдтэй мөртлөө тэднийг дэмжих бус, импортын бүтээгдэхүүний татварыг тэглэж буй нь шүүмжлэл хүлээж байна.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ: “Тооцоолсноор, энэ шийдвэр хэрэгжсэнээр зах зээлд үүсээд буй 500-600 мянган төгрөгийн үнийн өсөлт 400 мянга орчимд очих бүрэн боломжтой. Монцемент, Макцемент бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Үүнд Хөтөлийн цементийн үйлдвэр зогссон нь ч нөлөөлж буй. Хөтөл, Монцемент, Макцемент тус бүр 1 сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой. Гэвчиг бүрэн хүчин чадлаараа ажиллах бололцоо байхгүй байгаа тул богино хугацааны, түр зуурын арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Эцсийн эцэст нийтийн, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан шийдвэр юм. Хөтөлийн хувьд төлөвлөгөөний дагуу, техникийн шинэчлэлийн улмаас зогссон гэдэг тайлбар өгч байгаа.
Нийт 30 хувийн татвар гэдэг дотоодын үйлдвэрүүдээ тултад дэмжиж ирсэн бодлого. Гэтэл эцсийн дүндээ зах зээлийн хэт савлагаанаас хамгаалах ийм арга хэмжээ авахаас өөр арга байхгүй боллоо. Хугацаа он дуустал гарлаа, цаашид яахыг тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ” гэсэн тайлбар өглөө.