| | USD/MNT 0₮
Барилга хот байгуулалтын сайд асан, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд холбогдох шүүх хурал өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй, цаг хугацаа хожсоор байна.
Өчигдөр түүнд холбогдох шүүх хурал болох байсан ч улсын яллагч нь өвчтэй гэсэн шалтгаанаар бас дахин хойшиллоо.
Өмнө ч мөн хэд хэдэн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж, З.Баянсэлэнгийг 48 хоног цагдан хорьсон юм. Тэгвэл хэрэг нь илэрхий, мөрдөн байцаалтын шатанд бүх зүйл нь тодорхой болсон энэ хэрэг яагаад шийдэгдэхгүй байна вэ.
З.Баянсэлэнгийг хамсаатангууд болох Төрийн банкны гэх Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг тусгаарлан шалгаж, харин яамны мэргэжилтэн М.Болортуяагийн хэрэгтэй хамтад нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, З.Баянсэлэнгэ М.Болортуяа хоёрыг хамтад нь шүүх хурал ийнхүү удаа дараа хойшлоод байгаа юм.
Эх сурвалжийн хэлснээр сайд асан З.Баянсэлэнгийг яамны мэргэжилтэн байсан М.Болортуяагаа “барьцаалж” хэргийг нь шийдвэрлүүлэхгүй байгаа гэх мэдээлэл гарав. Тодруулбал, хэн хэнийхээ “но”-той зүйлийг мэдэж байгаа бололтой.
М.Болортуяа нь Боржигон овогтой Миеэгомбын Болортуяа гэнэ. УИХ-ын дарга байсан М.Энхболдын төрсөн дүү ажээ. Яаманд мэргэжилтэн хийж байхдаа сайд З.Баянсэлэнгэтэй илүү ойр байсан гэх. Харин тэрбээр сайдынхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж шаардлагатай гэсэн бичиг баримтыг бүрдүүлсэн гэдэг.
Шүүхийн хэлэлцүүлгийн явц болон мөрдөн байцаалтын шатанд З.Баянсэлэнгэ мэргэжилтэн М.Болортуяагаа "Хуралд орох гээд байна. Хурдан бичиг баримт бүрдүүл” хэмээн шахаж шаардсаар, улсын төсвийн 972.4 сая төгрөг гаргуулах шийдвэрийг Засгийн газрын хурлаас гаргуулсан нь тогтоогдсон.
Шүүх 11 холбогдогчтой дээрх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарыг албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар З.Баянсэлэнгийг төрийн байгууллагад ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.2 сая төгрөгөөр, М.Болортуяаг төрийн байгууллагад ажиллах эрхийг нэг жил хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9792000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн.
Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийг "Бэрэн групп”-ээс гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн юм. Гэвч энэ шийдвэрийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрөөгүй. Дээд шүүхээс хэрэг нь мөрдөн байцаалтад буцсан байгаа.
З.Баянсэлэнгэ шүүхийн шийдвэрийн дараа "Төр ямар ч алдагдал хүлээгээгүй. Хэн ч хохироогүй. Хохирсон хүн гэвэл би. Намайг МАХН-ын гишүүн гэдгээр нь яллаж байна. Энэ бүхэн учир холбогдолтой гэж би харж байгаа. Дээр нь 2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн компанид өгсөн асуудлыг ил болгож, олон нийтэд мэдээлсний хариуд надтай улс төрийн тооцоо бодож байх шиг байна. Энэ бүхэн дээрээс шидсэн чулуу хэдий ч би бууж өгөхгүй. Тиймээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Зохиомолоор улс төрийн өнгө аясаар хүн яллахаа боль” хэмээн ярьсан.
Харин шүүгдэгч М.Болортуяа нь ямар нэгэн тайлбар хэлээгүй их нууцлагдмал байгаа юм.
М.Болортуяагийн өөр нэг үйлдлийг тагнуулын байгууллага маш нууц байдалд шалгасан бөгөөд Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн шалгасан.
Тодруулбал, Д.Баярсайханыг 2016-2017 онд банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжан шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатай олгосон байна. Уг зээлийг олгохдоо хэд хэдэн хууль зөрчсөн, мөн зээлийн эргэн төлөлтийн хугацаа тус оныхоо 12 сарын 22-нд дуусгавар болсон ч компани зээлээ өнөөдрийг хүртэл дарж барагдуулаагүй байна. Уг хэрэгт М.Болортуяа ямар байдлаар холбогдсон нь “нууц” хэвээр байгаа юм. Магадгүй энэ асуудалд нь З.Баянсэлэнгэ барьцаалсан байхыг үгүйсгэхгүй.
М.Болортуяагийн өөр нэг үйлдэл нь Төрийн банкны захирлуудын хэрэгтэй холбогдсон учраас тагнуулын байгууллага маш нууц байдалд шалгасан бөгөөд Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайхан нарт холбогдох үйлдэлтэй нэгтгэн шалгасан.