| | USD/MNT 0₮
Хүн амын дунд чимээгүй тахал шиг тархаж байгаа Цусны даралт өвчин хөгшин залуу гэлтгүй айл болгоны үүдийг тогшиж байна. Найман настай балчирт наян настай буурайд ч энэ өвчний эрсдлийг таниулахаар урьдчилан сэргийлэхээр 21 аймагт УТГЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийн эмч нартай хамтарч ажиллажээ. Ер нь даралт ихсэх өвчинд бага балчираас өндөр настан хүртэл өртөж өвчилж байна. Уг өвчин даамжирвал тархины харвалт, зүрхний шигдээс болно гэдгийг иргэд мэддэг хэрнээ, даралт ихсэлтээс хэрхэн өөрийгөө хамгаалж, урьдчилан сэргийлэхээ мэддэггүй, бас тоодоггүй талаар эмч нар хэлж байна. Ингээд энэ өвчний хүндрэл болоод энэ өвчинд өртөхгүйн тулд ямар арга хэмжээ авах уу, мөн яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг сэдвээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм судлалын их эмч Е.Досжантай ярилцлаа.
-Артерын даралт ихсэлт гэж юу бэ?
-Бие даасан даралт ихсэлт эмгэг гэдэг бол зүрхнээс шахагдаж гарсан цус маань судсанд үзүүлж байгаа эсэргүүцлээрээ хэмжигдэхийг даралт ихсэлт гэж үздэг. Судасны хананд учруулах даралтын ачаалал юм. Даралт ихсэлтийн эмгэг гэдэг нь сүүлийн 2 долоо хоногт эм уугаагүй байгаад даралтаа хэмжихэд дээд талын даралт 140-өөс дээш байх доод талын даралт 90-ээс дээш байхыг цусны даралт ихсэлт гэж үздэг байгаа. Энэ эмгэг зүрх судасны өвчний дунд тархалт их.
-Даралт ихсэх олон эрсдэлт хүчин зүйл байдаг байх?
Артерийн даралт ихсэлтийг шалтгаанаар нь анхдагч /95 хувь/ хоёрдогч /5 хувь/ гэж ангилдаг. Анхдагч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаангүй байдаг ба блон төрлийн эрсдэлт хүчин зүйлээс хамаардаг. Хоёрдогч артерийн даралт ихсэлт нь тодорхой шалтгаантай, ямар нэгэн өвчний шинж тэмдэг байдлаар илэрдэг. Жишээ нь, Бөөрний өвчний үед даралт ихсэх нь тухайн өвчний нэг үндсэн шинж тэмдэг юм. Даралт ихсэлтийн олон эрсдэлт хүчин зүйл бий, амьдралын боломжид засах боломжтой.
-Даралт ихсэлт өвчин удамших уу. Мөн хүйсийн хувьд ямар байдаг вэ?
-Удамшина. Эрсдлийг засах боломжгүй зүйл гэхээр нас, хүйс, удам орж байгаа. Аав ээжийн аль нэг нь даралт ихтэй байхад хүүхдүүд нь даралт ихсэх нь хоёр дахин их байдаг гэсэн тоон мэдээнүүд байна. Хүйсийн хувьд эрчүүд нь давамгай байдаг бол цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдэд даралт ихсэх үзэгдэл ажиглагддаж байна. Нас ахих тусам судасны хатуурал хүний биед их явагддаг.
-Оношилгооны шалгуур нь юу байдаг вэ. Мөн артерын даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, засах эмчилгээ боломж юу байна вэ?
-Долоо хоногт хоёр удаа артерийн даралтыг хэмжихэд систолын даралт /дээд/ 140 мм.муб, диастолын даралт /доод/ 90 мм.муб-с ихэссэн байвал артерийн даралт ихсэлт гэж үзнэ. Засаж болох түгээмэл зүйл гэвэл бид өдөр тутмын амьдралдаа анхаарчих хэрэгтэй юм. Хөдөлгөөний дутагдал, илүүдэл жингээс болж даралт ихсэнэ. Дээр нь нэмээд нийгмийн стресс, хорт зуршлын асуудал байна. Эдгээр зүйлсүүд даралт ихсэх хүчин зүйл болж байаа. Мөн 10-аас дээш насныхан илүүдэл жинтэй болж байна. Залуудаа даралт ихсэж эм уух тохиолдол их байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд залууст даралт ихсэлтээс болж харвалт өгөх зүрхний шигдээс болсон залуус манай эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа. Даралт ихсэлт нь нийгмийн эмгэг. Хүн амын дунд даралт ихсэлтийн тархалт өндөр байгаа нь ажиглагдаж байна. Айл өрх бүрт артерын даралт ихсэх нь элбэг тохиолддог болов. Даралт ихсэлтийг эмчлэхээс илүүтэй хяналттай байлгах нь чухал. Удаан хугацаагаар хяналтгүйгээр даралт ихэснээс болж, эсвэл гэнэт хоруу чанарын даралт ихсэлттэй холбоотой олон эрхтнүүд дээр хүндрэл гардаг. Тухайлбал, зүрхний булчин томрох, явцын дагуу зүрхний дутагдалд хүрэх, зүрхний шигдээс өсөх шалтгааны 49 хувь нь даралттай холбоотой. Тархины харвалтын 60 гаруй хувь нь даралттай холбоотой. Тэрнээс гадна бусад эрхтнүүдэд нөлөөлөх, нүдний судас хагарснаар сохор болох эрсдэлт хүргэх эмгэг. Энэ өвчин нийгмийг хамарч байгаа учраас бага насандаа сургуульдаа бүр цэцэрлэгт нь эрүүл мэндийн боловсролыг сайн олгох, багаас нь эрүүл амьдралын хэв маягт сургаж анхаарах. Архи тамхи болох хорт зуршлыг хэрэглэхгүй байх. Түүнчлэн гэр бүлээрээ давстай хоол хүнснээс татгалзах, аль болох давс бага хэрэглэх. Багаасаа зөв дадалд сурах нь эрүүл энх байхын үндэс суурь болно. Бас бүлээн ус сайн уух нь цусны эргэлтийг сайжруулдаг. Ийм дадал зөв зуршилтай байхад дор дурдсан хүндрэлүүдээс хамгаална. Дахин хэлэхэд, даралтын эм уухаас илүүтэй даралтаа хянах нь чухал байгаа юм.
-Яг яаж хянах юм бэ?
-Даралтыг тогтвортой, тогтворгүй байдлаар гэж ангилж хянах боломжтой. Даралтын аппаратаараа даралтаа тогтмол үзэх, зөв цагтаа эмээ уух. Өглөө босоод биеэ зассаны дараа 15 минутаас дээш хугацаанд тайван суугаад тухайн үедээ даралтаа үзэх нь тухайн үеийн бодит даралт гэдгийг илтгэдэг. Өдөр 14.00 цагт даралтаа үзнэ. Харин оройн даралт үзэлтийг орондоо орж унтахаас өмнө буюу 5 минутын өмнө үзэх ёстой. Ингэснээр иргэн та өглөө, өдөр оройдооо өөрийнхөө даралтыг хянах боломжтой. Эндээсээ суурилагдаад даралт хэдийд ихсэж байгааг хараад эмээ орой уухуу өдөр уухуу гэдгээ шийднэ.
-Даралт ихсэж буйгаа яаж мэдэх бэ. Нийтлэг шинж тэмдэг нь юу бэ?
-Толгой өвдөх, шилэн хүзүү хөших, нүдний ухархайгаар хатгах, дээшээ хөөрөх, дотор муухайрах, огулах шинж тэмдэг илэрдэг. Цусны даралт өвчнөөр өвдчихсөн хэрнээ өөрийгөө тоодоггүй, эмнэлэгт огт хандаж байгаа хүмүүс олон байдаг. Цусны даралтаа хэмждэггүй, хааяа нэг толгой өвдөхөөр нь эм уучихдаг гээд явдаг хүмүүст эрсдэл юу байна гэдгийг ойлгуулах нь чухал. Дөрвөн хүн тутмын нэг нь даралт ихсэх өвчтэй байна. Энэ тоо нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байна гэсэн үг. Тиймээс энэ тоог бууруулахын тулд эмнэлэг, эмч нар биш иргэд өөрсдийнх нь оролцоо, арчаатай байдал амьдралдаа хайртай байдал тус дэм болно шүү. Тос өөхтэй илчлэг ихтэй хоол хүнс идээд хөдөлгөөн огт хийдэггүй бол жингийн илүүдэлтэй болж даралт ихсэх өвчинд өртөнө. Гэхдээ цусны даралт ихсэлт өвчний эрсдлээс зайлсхийж болдог. Амьдралын хэв маягаа өөрчилвөл Монгол Улсын хүн ам зүрх судасны өвчнөөр өвчлөхгүй байх бүрэн боломжтой гэдгийг ард иргэдэд таниулсаар л байна таниулахыг хичээж байна. Хорт зуршил буюу архи тамхи хэрэглэхгүй, байнгын дасгал хөдөлгөөнтэй байвал, зөв хоололдог байхал даралт ихсэх өвчинд өртөхгүй дээ. Монгол хүн бүрийн эрүүл ирээдүйг бүтээхийн төлөө нарийн мэргэжлийн эмч бид нар чадах бүхнээ хийж яваа юм шүү.
О.Сайханцэцэг