| | USD/MNT 0₮

О.Даваадэлгэрийн тоглох эрхийг 1 жилийн хугацаанд хасаж, 5 сая төгрөгөөр торголоо

Монголын Хөлбөмбөгийн Холбоо /МХБХ/-ны Сахилгын хороо МХБХ-ны Моби дээд лигийн 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдийн хооронд явагдаж, тус тоглолттой холбоотойгоор СП Фалконс клубийн туслах дасгалжуулагч Г.Дэлгэрдалай, СП Фалконс клубийн тоглогч, Бразил улсын иргэн Тиаго Томайс нараас Дэрэн клубийн тоглогч О.Даваадэлгэрт холбогдуулан Сахилгын хороонд гаргасан гомдлыг хүлээн авч хянан хэлэлцэж шийдвэрлэлээ.

Дэрэн клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчингийн хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоогдсон байна.

Иймд МХБХ-ны Сахилгын хороо дараах шийдвэрийг гаргасан байна.

Үүнд:

1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох. Хавсралтаар МХБХ-ны Сахилгын дүрмийн 36, 42, 43, 54 дүгээр зүйлд заасан заалтуудыг танилцуулж байна.

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.