| | USD/MNT 0₮
Допингийн эсрэг үндэсний төв энэ жилийн наадмаар хүчит бөхийн барилдаанд дөрөв давсан 64, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй эхний найман байр, нийт 80 шинжилгээний сорьцыг БНСУ дахь ДДЭА-ийн итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн билээ.
Шинжилгээний хариу наймдугаар 19-нд ирж, Үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг нэг бөхөөс допинг илэрсэн тухай мэдээлсэн. Тухайн бөхийг улсын цолтой, тавын даваанд унасан гэх мэдээллийг албаныхан өгсөн. Допинг илэрсэн бөхөд шинжилгээг биечлэн танилцуулж, Б сорьц өгч шинжлүүлэх эсэхийг дүрмийн дагуу асуудаг. Үндэсний бөхийн салбар хороо тухайн бөх Б сорьцоо өгөхгүй гэвэл нэрийг нь есдүгээр сарын 1-ний дотор нийтэд зарлана, өгнө гэвэл зарлахгүй гэдгээ мэдэгдэж байсан
Журам ёсоор тухайн бөх тогтоосон хугацаанд Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргаагүй бол А сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн буюу допингийн эсрэг дүрэм зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэрийг нь нийтэд зарладаг юм.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18.8-д зааснаар: “Шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ” гэсэн байдаг
Улсын харцага Т.Бэгзсүрэн энэ жилийн наадмаар тавын даваанд Увс аймгийн Тэс сумын бөх аймгийн заан О.Түмэнд унасан юм. О.Түмэн Т.Бэгзсүрэнгээр ийн давж, улсын начин болсон билээ. Улмаар зургаагийн даваанд улсыг арслан Ц.Содномдоржид өвдөг шороодсон юм.