| | USD/MNT 0₮

Б.Лхагвасүрэн:Түүхий эд нийлүүлдэг улсуудын хооронд төвөгтэй байдал үүссэнээс болж, эдийн засаг удааширч байна

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Зээл олголт бол тодорхой хэмжээгээр олгогдож байгаа. Гэвч өмнөх оны мөн үеийнхээс бол буурсан. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 20 хувиар өссөн байна гэдэг нь шинээр 20 хувь зээл гарсан байна гэсэн үг. Тийм учраас зээл олголт хэвийн явагдаж байна. Харин мөнгөний нийлүүлэлт өмнөх жилийнхээс өсөөгүй байгаа. Энэ нь мөнгөний бодлого хатуу тал руугаа явж байгааг харуулж байна. Бодлогын хүү бол хамгийн сүүлд 10 хувь руугаа хүрсэн. Монгол банкны хамгийн сүүлд хуралдсан мөнгөний хорооны хурлаар инфляцийг 8 хувийн түвшинд 2023 оны эхний хагаст аваачих төлөвлөгөө байгаа.  Энэ утгаараа төлөвлөгөө хэвийн явбал бодлогын хүү өсөхгүй. Инфляци эрчимжээд байвал мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр арга байхгүй. Монголбанк сар болгон өөрийн мэдээллээ тогтмол гаргадаг. Инфляцитай холбоотой тайланг сар болгон гаргаж байгаа. Мөнгөний бодлого бол эдийн засаг халах үе, эрэлтийн шинжтэйгээр хөөрөгдөх үед манай бодлогын арга хэрэгсэл сайн ажилладаг. Нийлүүлэлтийн буюу Төв банкны мөнгөний бодлогоор удирдаж чадахгүй хэмжээний гарал үүсэлтэй байх юм бол нэлээд төвөгтэй. Энэ тал дээр бид Засгийн газартай хамтарч ажиллаж байгаа. Ялангуяа тээврийн асуудлыг яаж хурдан шийдэх вэ, боомтуудын асуудал, экспорт, импортын тал дээр нь гацаа үүсгэхгүй байх тал дээр нь түлхүү ажиллаж байна.

Эдийн засаг эхний хагас жилийн байдлаар 1.9 хувиар өссөн. Ялангуяа энэ өсөлтөнд уул уурхайн бус салбар буюу хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын өсөлт гол нөлөө үзүүлж байна. Эдийн засаг ковидийн дараа дөнгөж сэргэж байгаа үед бол мөнгөний бодлогыг хатууруулах нь тодорхой сэргэлтийг сааруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс Төвбанк зүгээс эдийн засгийн өсөлтийг сааруулахгүй байх талаас нь болон инфляцийг богино хугацаанд хяналтандаа авах талаас нь мөнгөний бодлогыг явуулна.

 Мөн Украйны дайнтай холбоотой нөхцөл байдал хүндэрч байна. Дэлхийд нийлүүлэлтийн сүлжээний гацалт буюу түүхий эд нийлүүлдэг улсуудын хооронд төвөгтэй байдал үүсч байна.Энэ нь  бүх улсуудын эдийн засгийг удаашруулж, инфляцийг өндөр түвшинд хүргэж байна" гэлээ. 

Н.Намуун 

Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.