| | USD/MNT 0₮

"Эрэл"-ийн Б.Эрдэнэбат өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн прокуроруудад авлига өгсөн үү

Эрэл компанийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн прокуроруудад авлига хээл хахууль өгч Хөгжлийн банкнаас авсан 20 тэрбум төгрөгийн зээлийн хэрэгт холбоотой хавтаст хэргээ хаалгахыг оролдсон байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байна.  Түүний өмгөөлөгч нь прокурорт олон жил ажилласан нэгэн байдаг бөгөөд ийнхүү хэргийг замхруулах хэрэгсэхгүй болгох үүднээс Нийслэлийн прокурор Э-д авлига өгчээ. 

Эрэлийн захирал асан Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг 20 тэрбум төгрөгийн авлигын хэргээр удаан хугацаанд шалгасан бөгөөд өнгөрсөн жил хоёр шатны шүүхээр хэргийг нь шийдвэрлэсэн байдаг юм. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгажээ. Харин Б.Эрдэнэбатыг бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нийт 7 жил хорих ял оногдуулсан юм. Мөн Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлаас заримыг нь шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй байна гэж үзэн, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.