| | USD/MNT 0₮
Бид “Салбараа мэддэггүй сайдтайн зовлон” цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Энэ удаад ХХААХҮЯ-ыг онцоллоо. Учир нь баялаг бүтээгчдэд хуваарилагдах ёстой жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ-ын нэр бүхий гишүүд олон тэрбумаар нь авсан хэргийн дуулиан одоог хүртэл шийдэгдээгүй байна. Тус яамтай холбоотой хамгийн эхний асуудал бол энэ.
Уг нь Жижиг дунд үйлдвэрлэл бол аливаа улсын хөгжлийн гол судас юм. Тэд баялгийг бүтээж, ажлын байрыг бий болгож, гадагшаа урсах валютын урсгалыг зогсооход томоохон түлхэц өгдөг. Гэтэл өнөөдөр монголын жинхэнэ ждү эрхлэгчид сарын түрээсээ дөнгөж аргацааж буй нь нууц биш. Дотоодын үйлдвэрлэл өндөр үнэтэй гэх шалтгаанаар Монголчууд ч бараа бүтээгдэхүүнийг нь худалдан авахаасаа татгалздаг. Энэ тэдний буруу биш юм. Энэ бол жинхэнэ эздэд очих ёстой санхүүжилтийг дундаас нь хулгайлчихсанд л хэргийн хамаг учир байгаа юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 1 тоот тушаалаар “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам”-ны “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байж. Түүнээс хойш хэд хэдэн яамны харъяалалд чиг үүргийн дагуу шилжсэн боловч өнөөдөр ууган яамныхаа харъяанд буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрийн дор 24 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сангийн зорилго нь Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршдог. Гэтэл энэхүү зорилгын утга учир алдагдаад удаж буй. Үүний хариуцлагыг ганц сайд асан Б.Батзоригт тохон, бусад буруутнууд уснаас хуурай гарах нь буруу.
Хоёрдугаарт, махны үнэ дахиад л өслөө. Өнгөрсөн хавар 15-16 мянгад хүрч, монголчуудыг нэлээдгүй сандаргаад авсан. Түүнээс хойш төдийлөн буурахгүй явсаар өнөөдөр дахиад л өсч байна. 2019 оны нэгдүгээр сард ажлаа хүлээж авсан Ч.Улаан сайдтай холбогдох дараагийн асуудал бол энэ. Ирэх жил махны үнэ өсөхгүй гэж баттай хэлж чадна хэмээн цагаан хоолойгоор “бахирч” явсан Ч.Улаан сайдын үг хаачив аа?
Үүнээс гадна махны үнэ дахиад өсвөл Ч.Улаан сайдыг толгойгоороо хариуцна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Гэхдээ махны үнэ нь өсөөд байхад монголчууд бид Ч.Улаан сайдын толгойгоор ч яах юм билээ хэмээн монголын нөлөө бүхий хэвлэл онцолж байсан нь үнэхээр л нүдээ олж гэлтэй. Эрх баригчид махны экспорт л гэж яриад байдаг. Ард түмэн нь 15 мянган төгрөгөөр мах худалдаж авч байхад бид 70 сая малтай байгаад яах юм бэ. Юуны тулд экспорт хийж, гадагшаа махаа гаргах юм бэ.
Салбарын сайд нь өөрөө махны нийлүүлэлтийг сайжруулаад ирэхээр үнэ тогтвортой болох боломжтой хэмээн хэд хэдэн удаа мэдэгдээд авсан. Гэтэл махны үнэ тэнгэрт хадсан байдалтай ахин нэг жилийг ардаа үдлээ. Энэ асуудал дээр ХХААХҮ яам анхаарч, зохицуулалт хийх ёстой ч өдийг хүртэл хийсэн зүйл алга.
Саяхан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийхдээ Ч.Улаан сайдыг Монголын махны үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулсан хэмээн онцолсон. Өөрөөр хэлбэл, түүнийг Хятад компаниудад л тусгай зөвшөөрөл олгодог гэдэг. Монгол Улс нийтдээ 140 гаруй махны үйлдвэртэй. Үүнээс зөвхөн 12-т нь л мах экспортлох тусгай зөвшөөрөл олгосон аж. Тусгай зөвшөөрөлгүй үйлдвэрүүд эдгээр компаниас эрх авахдаа нэмж үнэ төлж байна. Энэ бүх авлига салбарын сайдын халаасанд орж байгаа гэх. Дээрх 12 компанийн ес нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани. Үлдсэн гурав нь сайд нарын хамаарал бүхий үйлдвэр байгаа юм. Бидэнд олдсон мэдээллээр Ч.Улаан сайдын гэр бүлийнхээ бизнесийг махны экспорт нэрийн дор цэцэглүүлж явна гэнэ.
Тодруулбал, түүний эхнэрийн төрсөн дүү О.Даваасүрэн гэгч нь амьд мал экспортлох бизнест хүргэн ахынхаа тусламжтайгаар хүч үзэн явна. Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын Эрээн хот руу хонь, ямааг амьдаар нь экспортлох зөвшөөрөлтэй гэх “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд монгол” компанийн эзэн нь Хуан Мин хэмээн БНХАУ-ын иргэн байдаг бол гүйцэтгэх захирлаар нь Ч.Улааны хүргэн дүү Оросоогийн Даваасүрэн ажилладаг аж. Энэхүү зөвшөөрлийг 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр авч байжээ.
Ч.УЛААН САЙДЫН ХҮРГЭН ДҮҮ О.ДАВААСҮРЭН
Түүнээс гадна өөр нэг хүргэн дүүгээрээ яамныхаа ажлыг “базуулдаг” гэх мэдээлэл ч бий. Ч.Улаан сайдын зөвлөхөөр эхнэрийнх нь төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ ажилладаг бөгөөд ихээхэн эрх мэдэлтэй нэгэн гэнэ.
Ч.УЛААН САЙДЫН ЭХНЭРИЙНХ НЬ ТӨРСӨН ДҮ О.ОЮУН-ЭРДЭНЭ
Тэгчихээд надад огцрох үндэслэл байхгүй гээд ичих ч үгүй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж яваа увайгүй сайд Ч.Улаан үнэн хэрэгтээ салбарын сайд удирдах туршлагатай хүн мөн үү. Зургаан удаа Монгол Улсын сайдаар томилогдож байсан хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан туршлагагүй, энэ чиглэлээр мэргэшсэн албан хаагч биш.
Монгол бол хөдөө аж ахуйн орон. Энэ ч утгаараа манай улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч, гурван сая иргэнийг хоолтой байлгадаг газар бол ХХААХҮЯ мөнөөсөө мөн. Ялангуяа мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж нь уг салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол түлхүүр юм. Үнэ цэнийн гинжин хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын эрүүл мэндийг сайжруулж, салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь эдийн засгийн төрөлжүүлэх, өргөн хэмжээнд ажлын байр бий болгох, хөдөө орон нутагт орлого нэмэгдэх, улмаар хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад тус дэм үзүүлнэ. Гэтэл ёстой л ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр салбарын сайд нь мэргэжлийн бус, дээрээс нь хувийн ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байхад яамны ажил яаж ч өөдлөх билээ дээ.
Түүний товч намтрыг танилцуулж байна.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга
1985-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хороонд зааварлагч, тасаг, хэлтсийн эрхлэгч
1992-1996 онд Үндэсний хөгжлийн газрын дарга, сайд
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2009 онд Үндэсний хөгжлийн хүрээлэнд захирал
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2006-2007 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2018 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд
Бид “Салбараа мэддэггүй сайдтайн зовлон” цуврал нийтлэлийг хүргэж байгаа билээ. Энэ удаад ХХААХҮЯ-ыг онцоллоо. Учир нь баялаг бүтээгчдэд хуваарилагдах ёстой жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлээс УИХ-ын нэр бүхий гишүүд олон тэрбумаар нь авсан хэргийн дуулиан одоог хүртэл шийдэгдээгүй байна. Тус яамтай холбоотой хамгийн эхний асуудал бол энэ.