| | USD/MNT 0₮

GoodPrice.mn үүсгэн байгуулагч Б.Эрдэмсайхан: Хоёр найзтайгаа нийлээд 1 тэрбум төгрөг эргэлдүүлсэн.

Манайх одоогоор 2021 оны 9 дүгээр сараас эхлээд ердөө дөрвөн сарын дотор 1 тэрбум төгрөгийн захиалга биелүүлсэн. Энэ бол хил хязгааргүй "e-commerce" зах зээлийн дөнгөж эхлэл шүү дээ.

 

 

Сайн байна уу? Ярилцлага эхлэхийн өмнө та хэлж байсан шүү дээ. Дотоодод төдийгүй гадаадад худалдаа эрхэлж валютаар ашиг олох хүсэлтэйгээр бизнесээ эхлүүлсэн гэж. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

 

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Дижитал маркетинг хөгжиж байгаа энэ үед бид "e-commerce"-ийг "affiliate marketing"-тай хослуулан улс орнуудын хооронд бараа бүтээгдэхүүн зуучлан борлуулж байна. Жишээ нь, "e-commerce" буюу манайхны хэлж заншсанаар "online shop" маш сайн хөгжсөн Америкаас Япон руу, Хятадаас Солонгос руу гэх мэтээр борлуулалт хийх боломжийг бид олж харсан. Япон улсаар жишээ авахад л тэнд бартаат замын машины тоноглол олдоцгүй учраас Австрали, Америкт тоноглуулж авдаг юм билээ. Тийм гоё зам дээр яах гэж авч байгааг нь сонсоод бүр мэл гайхсан. Ингээд улс хоорондын худалдааг туршиж үзтэл гар утасны 1,000 ширхэг кэйсийг Америкт гуравхан цагийн дотор, 3,000 ширхэг утасны дагалдах хэрэгслийг Солонгост 7 хоногийн дотор борлуулчихсан.

 

Энэ бүр маш сонирхолтой сонсогдож байна л даа. Танайх тэгэхээр гадаадад борлуулалт хийгээд эхэлсэн гэсэн үг үү?

 

Экспорт гэж ойлгож болохгүй, гаднын улс орнуудын хоорондын онлайн худалдааг Монголоос гүйцэтгэж өөрсдийн үүсгэсэн дэд бүтцээ туршиж байгаа хэрэг. Тоо нь их сонсогдож байгаа ч үнэндээ 3-4 хайрцаг л юм шдээ. (инээв) Дараа дараагийн шатанд борлуулалтаа нэмэгдүүлэхээр туршилт, судалгаагаа үргэлжлүүлэн хийсээр л байна. Эхэн үедээ ч хэцүү л санагдаж байсан. Яаж явуулж, яаж аваад, яаж зарах вэ гээд л. Одоо бол түншийн хүрээлэл, мэдлэг туршлагаа нэлээдгүй тэлсэн байна.

 

Одоогийн байдлаар бизнесээ хэр хэмжээнд хүргээд байгаа вэ, мөн хэтийн хөгжлийг хэрхэн харж байна?

 

Мэдээж хил гааль ачаа тээврийн удаашралтай байгаагаас шалтгаалаад энэ төрлийн зах зээл хүндрэлтэй, их хэмжээний биш цөөн тооны л захиалга авч байгаа. Онлайн дэлгүүрүүд бүгд л адилхан нэг бэрхшээлтэй байгаа. Гэвч бид маш сайн төлөвлөлт, гүйцэтгэл хийснээр өөрсдийн хувьд эхний даваагаа давсан гэж хэлж болно. Манайх одоогоор 2021 оны 9 дүгээр сараас эхлээд ердөө дөрвөн сарын дотор 1 тэрбум төгрөгийн захиалга биелүүлсэн. Энэ бол хил хязгааргүй "e-commerce" зах зээлийн дөнгөж эхлэл шүү дээ. Хил гааль жигдрэх үед үүнээс ч илүү амжилт үзүүлэх боломж бидэнд байгаа. Бид Монголчуудын олноор амьдардаг мөн худалдан авалт их хийдэг улс орнуудад өөрсдийн агент буюу төлөөлөгчийн газрыг байгуулан хэрэглэгчдийн захиалгуудыг биелүүлж байна. Мөн АНУ-д албан ёсны тээвэр, худалдааны компаниа байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлэхээр шаргуу ажиллаж байна. Ингэснээр тээврийн хугацааг богиносгох, үнэ төлбөрийн хувьд уян хатан байх төдийгүй, Америкаас гадагшаа бусад улс орон руу ачаа тээвэрлэж эхлэх юм. Хөгжүүлэлтийн хувьд гэвэл "API" гаргаж бусад цахим худалдааны сайтыг дэмжих чиглэлд хөгжүүлэлт хийж эхэлсэн. Энэ ажил эхнээсээ биеллээ олж, саяханаас манай системд суурилсан онлайн дэлгүүр нээх боломжтой болсон.

 

Энэхүү өсөлтийг хийхийн тулд танайд хангалттай хөрөнгийн эх үүсвэр бий юу?

 

Манайх энэхүү өсөлтийг богино хугацаанд хийхэд яах аргагүй нэмэлт хөрөнгө оруулалтын дэмжлэг хэрэгтэй байгаа. Бидний тогтвортой болгож чадсан уг бизнесийг цаашид хамтарч урт хугацаанд аль аль талдаа "win" байх зарчим дээр ойлголцож, хамтрах хөрөнгө оруулагчдад нээлттэй гэж хэлмээр байна. Гагцхүү мэдээж уг салбарыг ойлгож дэмждэг байх нь чухал. IT бизнесийн хувьд богино хугацаанд тэлэх хамгийн чухал. Бидэнтэй хамт Монголын e-commerce, худалдааны салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хамт бүтээх хэн бүхэнд манай төсөл нээлттэй байх болно.

 

Танай системд суурилан онлайн дэлгүүр нээх боломжтой болгосон гэж байна. Танайх тэгэхээр IT бизнес юм уу, худалдааны бизнес юм уу?

 

Хүмүүс нэг юм андуураад байдаг л даа. IT бизнес гэхээрээ л тусдаа юм шиг ойлгоод байдаг. Яг үнэндээ мэдээллийн технологи бол уламжлалт процессыг хялбарчлах, ойлгомжтой болгодог л функц шүү дээ. Үйл ажиллагааг хялбарчилж ашгийн түвшинг нэмэгдүүлж чадахгүй бол ямар юмных нь IT байхав дээ гэж би боддог. Бид нар гадаадаас захиалга хийх процессыг л хялбаршуулж, ойлгомжтой болгож байгаа юм.

 

GoodPrice.mn-ий санааг хаанаас олсон бэ?

 

Манайх “Галактикийн хамгийн хямд үнэ” гэсэн уриатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Бид хэрэглэгчдэд аль болох элдэв төрлийн шимтгэл, төлбөр нэмэгдэлгүйгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг зорилгоо болгож ирсэн.

 

Би өөрөө Монголоос аль болох хувцас, электрон бараа гэх мэт үнэтэй юм авахгүйг хичээдэг. Манайх үйлдвэрлэгч орон биш болоод тэр үү, бараа бүтээгдэхүүн нь ер бусын үнэтэй тэгсэн хэрнээ ихэнх нь хуурамч. 100 долларын үнэртэй усыг 100,000 төгрөгөөр, 400 юанийн пүүзийг 500,000 төгрөгөөр зарж байх жишээний. Хуурамч хэрнээ ийм үнэтэй гэхээр хэлэх ч үг олддоггүй. Над шиг интернэт ухаад үндсэн үнийг нь харчих чадалтай нь цөөхөн, дийлэнх нь хэлсэн үнээр нь л авч байгаа биз дээ. Хэрэгцээтэй зүйлсээ гадаадаас захиалаад авчихдаг багахан туршлага дээрээ үндэслэн Галактикийн хамгийн хямд үнийг Монголчууддаа санал болгоё гэж шийдээд онлайн дэлгүүр нээсэн нь ийнхүү өргөжин тэлээд байна.

 

Бидэнтэй ярилцсанд маш их баярлалаа. Та бүхэнд өндөрөөс өндөр амжилт хүсье.

 

Та бүхэнд ч мөн баярлалаа.

 

Ярилцлага

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.