| | USD/MNT 0₮

Хэрлэн голд живж байсан иргэнийг амийг аварсан Цагдаагийн албан хаагчтай ярилцлаa

Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр, жижүүрийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат нар "Хэрлэн" голд хөл алдан живж байсан иргэнийг харж шуурхай ажиллан уснаас гаргаж анхны тусламж үзүүлж хүний амь нас аварсан талаар алба хаагчидтай цөөн хором ярилцлаа.

Та хоёр өөрсдийгөө танилцуулахгүй юу? Цагдаагийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа талаар ярилцлагаа эхэлье.

Энхбат: Намайг Дугарсүрэнгийн Энхбат гэдэг. Би Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст 2019 оны 09 дүгээр сард томилогдоод одоог хүртэл 3 дахь жилдээ ажиллаж байна.

Анхбаяр: Намайг Нэргүйн Анхбаяр гэдэг. Би 2001 оны 08 дугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Чингис хотод төрсөн. Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг 2021 оны 12 дугаар сард хамгаалалтын цагдаагаар төгсөж 2021 оны 12 сард Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст хамгаалалтын цагдаагаар томилогдон 9 дэх сардаа ажиллаж байна.

Саяхан Хэрлэн голд хөл алдан живж байсан иргэний амь насыг аварсан талаараа ярихгүй юу? Та хоёр хоёулаа усанд сэлж чаддаг уу?

Энхбат: Манай хэлтсийн алба хаагчид “Их хурд-9” баяр наадмын хамгаалалтад ажиллаад Бор-Өндөр сум руу буцаж явах үедээ Хэрлэн голын эрэгт нүүр гараа угаахаар түр саатсан. Тухайн үед Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн “Т” нь голд хөл алдан живж байхыг би хараад цагдаагийн дэд ахлагч Н.Анхбаяр ойрхон байсан учир түүнд хүн живж байгааг хэлсэн. Н.Анхбаяр маань голруу түрүүлж үсэрч ороод иргэнийг барьж авсан, араас нь би гол руу үсэрч ороод тухайн иргэнийг голоос хамт татан гарсан. Миний хувьд Хэнтий аймгийн Хэрлэн суманд багадаа төрсөн болохоор Хэрлэн голын усанд ордог байсан. Усанд сэлэхдээ тийм ч сайн биш ч өөрийн хэмжээнд сэлчихдэг.

Анхбаяр: Тухайн үед хамгаалалтад ажиллаж дуусаад хувцас хунар нэлээд тоос шороо болсон байсан тул гол руу очиж толгой, үсээ угаах зорилгоор гол дээр очсон. Тэр үед цагдаагийн дэд ахлагч Д.Энхбат голд хүн живээд байна гэж орилсон. Тухайн үед хүн гэж бодоогүй, хаана юу живээд байгаа нь олж харахгүй байсан. Тэгтэл голын дундаас хүний толгой, гар цухуйгаад буцаад алга болсон. Тэр чиглэлээр нь баримжаа аваад  л гол руу орсон. Би усанд сэлэхдээ их муу. Дотоод хэргийн их сургуулийн ахлагчийн сургуульд суралцаж байхдаа усан бассейн сургалтад хамрагдаж түүний ачаар усанд сэлэх анхан шатны техникийн мэдлэгтэй болсон тэрнээс бол усанд их муу./инээв/

Тухайн иргэнийг хараад ямар бодол төрсөн бэ? Усанд сэлж чадахгүй ч усруу орсон гэсэн шүү дээ.

Анхбаяр:  Хамгийн түрүүнд тэр хүний амь насыг аврах талаар бодож өөрийн мэдэлгүй л гол руу орсон доо. Тухайн үед сэлж чадахгүй яах билээ гэж бодох сөхөөгүй тухайн иргэнийг яаралтай уснаас гаргах хэрэгтэй гэж бодоод л гол руу орчихсон.

Энхбаяр: Хүнийг уснаас аврахад бас тийм ч амархан биш байдаг юм байна. Тухайн иргэн болон цагдаагийн дэд ахлагч Э.Анхбаяр нар хоёулаа усанд сэлж чадахгүй ч аз тохиож тухайн иргэний амь насыг аварсандаа баяртай байна.

Цагдаагийн алба хаагчид бол чимээгүй баатрууд. Тэд өдөр бүр л иргэдийг аливаа осол, гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалж эрдэнэт хүний амийг авардаг баатарлаг алба шүү дээ.  Өмнө нь бас амиа хорлохыг завдсан иргэний амь насыг аварч байсан гэсэн энэ талаараа ярихгүй юу?

Анхбаяр: Өнгөрсөн 2021 онд өөрийнхөө амыг хорлохоор завдсан иргэнийг аварч байсан. Тухайн үед би 7 дугаар сард төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх баярын ёслолын жагсаалд хамрагдаж дуусаад гэртээ амарч байтал жижүүрээс залгаж танай хажуу талд хүн өөрийгөө боомилох үйлдэл гаргах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Чи ороод шалга гэж хэлэхээр нь ороход иргэн өөрийгөө боомилсон байсныг таслан зогсоож анхан шатны тусламж үзүүлж байсан.

Урин дулааны улиралд иргэд гол, нуурын эрэг дагуу ихээр амарч зугаалж, голын усанд осолдож, эндэх тохиолдол гардаг үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгөхгүй юу?

Энхбат: Урин дулааны цаг болж байгаатай холбогдуулан онцгой байдал болон цагдаагийн байгууллагаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах талаар мэдээ, мэдээлэл хүргэж байгаа. Ялангуяа үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.

Ярилцсанд баярлалаа.

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.