| | USD/MNT 0₮
Удахгүй ургац хураалт эхэлнэ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын үеэр шатахууны зардлын тодорхой хэсгийг төрөөс гаргахаар шийдвэрлэжээ.
Ингэснээр газар тариалангийн компаниуд зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямд шатахуун худалдан авах юм байна. Энэ нь онцгой цаг үеийг тохиолдуулан авч буй, нэг удаагийн арга хэмжээ гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.
Дизель түлшний үнэ энэ сарын 16-наас нэмэгдэж, нэг литр нь 4030 төгрөг болсон юм. Энэ үнийн өсөлтийг ургац хураалт цаашлаад улаан буудайн үнэд тусгахгүйн тулд Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх 10,000 тонн хүртэлх дизелийн түлшийг литрийг нь 3400 төгрөгт хадгална.
Дэлхийн зах зээлд шатахууны үнэ өссөөр байгаа өнөө үед Засгийн газраас нөлөөлөх ямар ч боломжгүй гэв.
Энэ сарын 1-нээс дизель түлшинд 5 хувийн хөнгөлөлт эдлэх хэлэлцээг ОХУ-тай хийжээ. Манай улс дөрөвдүгээр сард Аи92 авто бензинийг 25 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байсан бол одоо 30 хувийн хөнгөлөлт эдэлж байна. Иймд Аи92 шатаууны үнэ энэ оныг дуустал тогтвортой байна. Аи92 авто бензин он дуустал нэг баррель нь 830 ам.долларын үнэтэй байх юм.
ОХУ-д мөн ургац хураалт эхлэх тул дизель түлшийг 5 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ гэжээ.
Хөдөө аж ахуйгаас гадна уул уурхайн компаниуд дизель түлш ашигладаг. Иймд цаашдаа уул уурхайн компаниуд Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор дамжуулан урд хөршөөс шатахуунаа авдаг болох нь зүйтэй гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэв. Мөн тэрээр "Хэдийгээр бид Казахстан улстай ойр байрлалтай ч тус улс дотоодын эрэлтээ хангахын тулд шатахууны экспортоо хориглосон. Энэ хоригийг хагас жил тутам сунгасаар байна" гэв.