| | USD/MNT 0₮
Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн. Ингэснээр Ш.Ванчинхүү арслангаас хойш Ховд нутгаас 82 жилийн дараа дахин төрийн наадмын түрүү бөх тодорсон юм. Өдгөө 31 настай О.Хангайг сумын заан, аймгийн арслан байхаас нь л эхэлж, бөх сонирхогчид, нутгийн зон олон нь том цолонд хүрнэ гэж итгэж найдаж, хүлээж байв. Тэгвэл энэ урт удаан хүлээлт өчигдөр эцэс болж, О.Хангай нэг ч уналгүй арав даван түрүүлж, улсын аварга хэмээх цолыг хүртсэн 47 дахь, Ардын хувьсгалаас хойш төрсөн 25 дахь бөх болсон билээ. Тэгвэл өнөөдөр өөрийн цахим хуудаснаа“Аваргын залаа тэмдгээ хийлгэлээ. Урлаж өгсөн хүмүүстээ баярлалаа. Намайг үргэлж дэмжиж захыг минь мушгиж байдаг та бүхэндээ баярлалаа” гэжээ. Хүмүүсийн харснаар шинэхэн аваргын малгайн тэмдэг нь бусад аваргуудынхтай харьцуулахад арай том байх аж. Харин залаан дээр нь хоёр шөвгөрч, нэг түрүүлснийг нь илтгэх шар зураас байрлажээ.