| | USD/MNT 0₮

Үр шилжүүлэн суулгах эмнэлгүүд Монголд хэрэглэхийг хориглосон эм хэрэглэж, худалдаж байжээ

Үр, хүүхэдтэй болох гэж хичээдэг ч эрүүл мэндийн шалтгааны улмаас чаддаггүй гэр бүлийнхэнд шинжлэх ухааны ололтоор эмчилгээ хийн, үр шилжүүлэн суулгаж аз жаргал бэлэглэдэг жишиг олон улсад нэвтэрсэн. Дэлхий дахинд энэ төрлийн эмчилгээ өндөр үнэтэй байдаг. Уг эмчилгээг манай улсад 4-5 эмнэлэг үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний үйлчилгээ, эм тариа нэлээд өндөр үнэтэйг үйлчлүүлэгчид нь хэлдэг. Гэвч тэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, хэрэглэхийг хориглосон ч гэж хэлж болох эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсан нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагын хамтарсан шалгалтаар илэрчээ.

Тэдгээр эм, бэлдмэлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буйг мэргэжлийн хяналтын байгууллагын эх сурвалжууд мэдээлэв. Албаны эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “RMC, Си эл даблью эйч, “Өөжин мед” эмнэлэгт Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичгийн хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй аминдэмүүдийг хадгалж, худалдаж байсан нь илэрч цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж байна” гэсэн юм.

Манай зах зээлд эмэгтэй хүний үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид” гэх эм, тариа нь 680-750 мянга хүртэл төгрөгөөр борлуулдаг юм байна. Тэдгээр эмнэлгээс хураасан “Прогинова”, “Прогестрон”, “Диферелин” зэрэг хэд хэдэн төрлийн эм, ампултай тариа нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй аж.

Манай Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд улсын бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хугацаа нь дууссан, эм хангамжийн байгууллагаас бусад эх үүсвэрээс худалдан авахыг хориглодог. Гэвч дээрх эмнэлгүүд уг хуулийг зөрчөөд буй аж.

Түүнчлэн “Юнимед” эмнэлгийнхэн иргэн Б-гийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор оруулж ирсэн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Цетротид” гэх тариа, “Прогинова” хэмээх эмийг их хэмжээгээр хадгалж, үйлчлүүлэгчдэдээ худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд үүнтэй холбогдуулж тус эмнэлгийн ажилтан С гэх хүнийг шалгаж эхэлсэн гэнэ.

Хууль сахиулах байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр хууль бусаар Улсын эмийн бүртгэлд байхгүй эм оруулж ирж худалдсан, хадгалсан дээрх эмнэлгүүдийн удирдлагад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй гэнэ. Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC эмнэлгийн үүсгэн байгуулагч нь АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатар, “Өөжин мед” эмнэлгийн захирал нь Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганы эхнэр Х.Азжаргал гэдгийг үйлчлүүлэгчид нь андахгүй. Харин Си эл даблью эйч (CLWH) эмнэлгийг БНСУ-ын иргэн Чой Бум Чэ гэх хүн үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ким Хёондүг, эмчилгээ эрхэлсэн орлогчийн албан тушаалыг манай улсын иргэн Б.Цогмаа хашдаг юм байна.

Үр шилжүүлэн суулгах эмнэлгүүд Монголд бүртгэлгүй эм хэрэглэж, худалдаж байжээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.