| | USD/MNT 0₮

“Эрдэнэс Монгол” ХК-ийн захирлууд хөрөнгө орлогоо мэдүүлэхгүй байна

Авлигатай тэмцэх газраас төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн зарим удирдах албан тушаалтнуудыг ХАСХОМ бүртгүүлэх хуулийн үйлчлэлд хамруулахыг зорьж байна.

Одоогийн нөхцөл байдлаар бол, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, байгууллагад удирдах албан тушаалтныг томилохдоо сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод зарладаггүй, тухайн албан тушаалд шууд томилдог, албан тушаалын буюу ажлын байрны тодорхойлолтыг тухайн томилогдох этгээд, хувь хүнд зориулан боловсруулдаг, мөн авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөмтгий тушаал, шийдвэр захиран зарцуулах эрх хэмжээтэй компанийн эрх бүхий албан тушаалтнуудыг хуулийн үйлчлэлд бүрэн хамруулахгүй байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” ХХК нь мэдүүлэг гаргагчийн нэрсийн жагсаалтыг Засгийн газрын 2016 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд /компанийн дэд захирлууд/, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар байхаар батлан мэдүүлэг гаргуулж байх боловч тус компанийн найман газрын захирал, хоёр албаны дарга болон ерөнхий аудитор зэрэг бусад удирдах албан тушаалтнуудыг бүрэн хамруулаагүй байна.

Түүнчлэн ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт болон боловсрол, мэргэжил, ажлын туршлага зэрэг хуульд заасан шаардлага хангаагүй нэр дэвшигчийг томилуулахаар ирүүлсэн үзүүлэлтээр “Төрийн банк” “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК зэрэг байгууллагууд нь бусад байгууллагаас өндөр хувийг эзэлсэн байна.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд холбогдох 2016 онд 112, 2017 онд 168, 2018 онд 82, 2019 онд 66, нийт 428 авлига, албан тушаалын гэмт хэргийг хянан шалгасан нь нийт албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчийн 20 гаруй хувийг зөвхөн төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдах албан тушаалтнууд эзэлж байна. Энэ нь ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт хангаагүй этгээдийг томилдог, томилогдсон  албан тушаалтнууд нь  хувийн сонирхолдоо нийцүүлэн албаны бүрэн эрхээ хэрэгжүүлдэг, цаашлаад авлигын гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бий болгож байна.

Тиймээс Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Сангийн яам, Эрчим хүчний яамны харъяа төрийн өмчит хуулийн этгээд болон “Эрдэнэс Монгол” ХК-д Зөвлөмж хүргүүллээ. 

Цаашид нийтийн албаны томилгоо, сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох, удирдах албан тушаалтны манлайлал, ёс зүйн байдлыг дээшлүүлэх, ялангуяа төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан улмаар авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн этгээдийг томилохгүй байх, төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, бусдад давуу байдал олгох, ашиг сонирлын зөрчилтэй шийдвэр гаргах буюу хамаарал бүхий этгээд, нэгдмэл сонирхолтой этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргах, гаргахад оролцох, гэрээ хэлцэл байгуулах, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөх зэрэг авлига, ашиг сонирхлын зөрчлийг гаргахгүй байх, албан тушаалтны ёс зүй, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлийг Зөвлөмжид тусгажээ.


Зарим холбогдох тоо баримт: 

2017-2019 онд төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон компанид ажиллах 1055 иргэний ХАСУМ-ийг АТГ хянаж хариуг хүргүүлсэн.

Хяналт шалгалтаар ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүйг анхааруулсан нийт 98 иргэний 46 нь албан тушаалын тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, 42 нь ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, 10 нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал бий болсон байв.

ТӨХК-ИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД ХОМ-ИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТААС ГАДУУР БАЙНА
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.