| | USD/MNT 0₮
Охидын эрхийг хамгаалах Олон улсын өдөр өнөөдөр /2019.10.11/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Монголын Эмэгтэйчүүдийн холбоо”-ноос Сүхбаатарын талбай дээр “Хамтдаа хамгаалья” тайван цуглааныг зохион байгуулж байна.
-Сүүлийн жилүүдэд бага насны охидын эсрэг бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэл эрс нэмэгджээ-
МЭХ-ны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл хэлэхдээ "Хамтдаа Хамгаалъя цуглааны хүрээнд охид, бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад УИХ-ын гишүүдийг эцэг, эх хүний хувьд анхаарал хандуулж, тодорхой хуулиудад яаралтай буюу намрын чуулганаас хэтрүүлэхгүй нэмэлт өөрчлөлт оруулах санал дэвшүүлж, туулайгаар дамжуулан УИХ-ын чуулганы танхимд албан хүсэлт, саналуудаа байрлуулжээ. Даунтай хүүхдүүдийн ээжүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө сэтгэлээ шингээн бүтээсэн эдгээр бяцхан туулайнууд томчууд биднээс өмгөөлөл хамгаалал хүсч буй үрсийг төлөөлнө" гэв.
Тус цуглааны зорилго нь “Бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд ноогдуулах ялын дээд хэмжээ 20 жил гэж заасан боловч ялын доод хэмжээг заагаагүй. Тиймээс ялын доод хэмжээг 10 жил болгож, одоо мөрдөгдөж буй ялын бодлогыг чангатгах. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод бие махбодийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг болгох” зэрэг саналыг эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд оруулахад иргэдээс гарын үсэг авах юм.
-Жилд дунджаар 218 охин 8-17 насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, 3500 орчим нь өсвөр насандаа ээж болж байна-