| | USD/MNT 0₮
Өнөөдөр иргэн Д.Мөнх-Эрдэнийн санаачилгаар Авлигын эсрэг олон нийтийн сангийн нээлт Туушин зочид буудалд болов. Нээлттэй холбогдуулан олон хүн авлигын эсрэг дуу хоолойгоо хүргэлээ. Тодруулбал, авлигажсан нийгэмд бизнес эрхлэх ямар боломж байхгүй болсныг Нар-Мон компанийн захирал М.Хүрэлсүх шүүмжлэв. Тэрбээр "Нийгэм маань авлигын сүлжээнд идэгджээ. Нийслэлийн түгжрэл байна, удахгүй Монгол Улсын бүх үйл ажиллагаа хэвийн явагдах уу гэдэг асуудал үүсч мэдэхээр байна. Авлигад их идэгдээд ирэхээрээ хөгжил ч ярих аргагүй болчихоод байна. Улстөрийн тогтолцоогоо бид өөрчлөх шаардлагатай юм байна. Авлигачидтай тууштай тэмцэхгүй бол ЖДҮ болон Хөгжлийн банкны асуудлыг хар. Яагаад ийм болчихов. Яагаад зээл хэлбэрээр авсан мөнгө эргээд төлөгдөхгүй байна вэ. Зээлүүд нь жинхэнэ эзэндээ хүрч үү, хүрээгүй байна. Олон улсын сангаас авсан зээлүүд удахгүй төлөгдөх ёстой шүү дээ. Гэтэл авлигын сүлжээгээр ард түмний боломжийг хулгайлаад аваад явчихсан. Тэгэхээр ийм хууль бус увайгүй зүйлтэй бид тууштай тэмцэх цаг болжээ.
Өлгийтэй хүүхдийн сүүний мөнгөнөөс тэтгэврийн хөгшдийн тэтгэврээс хулгайлчихаад өнөөдөр бас ажил хийж байгаа залуучуудын халааснаас хулгай хийж байна. Гэтэл УИХ-ын гишүүд нь сард 3 сая төгрөгийн цалинтай гэж ярьдаг. Гэвч цалингаа авахгүй гадуур том том машин унаад том том хаусанд тансаг амьдарч байна. Хил гаалийн бараа таваар ч яг ном дүрэм журмаараа орж ирэхгүй авлигалын замаар орж ирээд алга болж байна. Тэгэхээр ийм хууль бус тогтолцоог бид цааш нь хөгжөөгөөд байх юм бол цаашид ямар ч боломж алга. Монголын хөгжил, тусгаар тогтнол ч байхгүй болно.
Одоо бол ажил явахаа байсан, уг нь ном журмаараа явах ёстой. Одоо цагт ажил бүүр явахаа больсон. Би одоо авлигын эсрэг тэмцэнэ. Тийм учраас Авлигын эсрэг олон нийтийн санг үүсгэн байгуулалцаад явж байна. Иргэд та бүхэн авлигалын эсрэг хүчтэй дуу хоолой болж бидэнтэй нэгдээчээ. Авлига гэдэг та бүхний маргаашийг хулгайлж байна. Ирээдүй эх орныг тань хулгайлж байна" гэлээ.
М.Хүрэлсүх:Авлигажсан нийгэмд бизнес эрхлэх ямар ч боломж алга.