| | USD/MNT 0₮

Г.Сайханбаяр:Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам дагуу элсний нүүдлээс хамгаалах ногоон зурвас байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалах салбар зэвсэгт хүчин манлайлан оролцох хөдөлгөөн Дорноговь аймагт өрнүүлээд ирсэн билээ. Тус хөдөлгөөнд салбарын сайд Г.Сайханбаяр болон холбогдох албаныхан оролцсон юм. Ингээд БХ-ын сайд Г.Сайханбаяртай ярилцлаа.

-Дорноговь аймгийн Зүүнбаян суманд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцлоо?

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ “Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих болно” гэдгийг мэдэгдсэн бөгөөд энэхүү хөдөлгөөнийг Монголын нийт ард түмэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж бүр идэвхтэй дэмжин, олон арван бүтээлч үйл ажиллагааг өрнүүлсээр байна. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутаг дэвсгэрт орших Зэвсэгт хүчний 336  анги дээр түшиглэн Дорноговь аймгийн ЗДТГ-аас олгосон 30 газрыг мод үржүүлгийн  газар болгон ашиглахаар бэлтгэл ажлаа эхлүүлсэн байна. Энэ газар хэдийгээр өнөөдөр харахад цагаан газар байгаа боловч бид дэд бүтэц тавина, худагжуулна, услалтын систем тавина. Нийт 2 га газар өвлийн хүлэмжүүлэлт хийнэ, олон тооны хүлэмж баригдана.

-Мод тарих нь амархан ч ургуулж арчлах нь чухал гэдэг. Говьд яг ямар мод ургах чадвартай байдаг юм бол?

-Говьд ургах чадвартай, тэсвэртэй моднууд болох заг, хайлаасыг ургуулж, үржүүлэх ажил хийнэ. Энэхүү мод үржүүлгийн ажил хоёр жилийн  хугацаанд биелэлээ олно. 2024 оны хавраас жилд дунжаар 1.9 сая үрслүүлэг, модыг бусад үржүүлгийн газрууд руу мод тарих газрууд руу ургуулах бололцоо нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ газар говийн бүс боловч хөрсний судалгааг сайн хийсэн. Мөн энэ газарт экологийн сургалтын төвийн барилга байгууламжийг барина. Энэ үндсэн дээр говийн бүсэд байгаа анги салбаруудын алба хаагчид, тэдгээрийн гэр бүлийг агро экологийн мэдлэгтэй болгож сургаж үүгээр дамжуулан тэрбум мод төслөө үргэлжлүүлнэ. Энэ ажилд Дорноговь аймгийн ЗДТГ-аас онцгой анхаарсан. Засаг дарга өөрийн биеэр оролцож энэ газрыг  мод үржүүлэг, агро экологийн сургалтын төв хэлбэрээр ашиглах гэрээг БХЯ-нд хүлээлгэн өгсөн.

Мод арчлалтын хувьд зохион байгуулалтыг БХЯ хүн хүчний асуудлыг зэвсэгт хүчний анги салбарууд санхүүжилтийн асуудлыг “Эрдэнэс Тавантолгой” компани хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлнэ. Үүнээс гарсан мод үржүүлэг, моднууд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр зам дагуух элсний нүүдлээс хамгаалах ногоон зурвас байгуулах ажил эхний ээлжинд хийнэ.

-Төмөр зам дагуу ногоон зурвас байгуулна гэхээр?

-Тийм. 416 км зам дагуу ногоон бүс байгуулна гэхээр хүмүүсийн ой тойнд буухгүй байж магадгүй. Тэгэхийн тулд мод үржүүлгийн газруудыг аль болох олноор байгуулаад тэр газартаа 2-3 жил тарьж ургуулаад ургасан моднуудаа тухайн бүс нутагт төмөр зам дагуу тарьж ургуулна. Мөн автозам дагуу ногоон байгууламжтай болгоё гэж байна. Энэ  зорилтын хүрээнд Зэвсэгт хүчин 27 сая модыг 2030 он гэхэд тарьж ургуулна гэсэн зорилттой байна.

-Мөн та Зэвсэгт хүчний ангиуд дээр мод үржүүлгийн газар байгуулна гэж ярьж байсан?

-Зэвсэгт хүчний ангиуд дээр нийт 9 мод үржүүлгийн газар, 2 агроэкологийн сургалтын  төв байгуулна. Арчилгаа усалгаатай холбоотой асуудал дээр бид Зэвсэгт хүчний бүх анги дээр нэгтгэлүүд агроэкологийн мэргэжилтнүүд  сургасан байна. Өнөөдрийн байдлаар ХААИС-ийн Агроэкологийн сургууль дээр нийт 25 сургагч багш бэлтгэсэн байна. 1800 орчим алба хаагчид тэтгэвэр чөлөөндөө гарсан ахмадуудыг бэлдсэн байна. Эдгээр хүмүүс дээр ангийнхаа сургалт, агроэкологийн төв, мод үржүүлгийн газрууд дээр ажлуулна. Ангиуд дээр орон тооны экологийн мэргэжилтнүүдийг томилсон байна. Энэ мэргэжилтнүүд модны ургац, технологийг дагаж ургуулах ажлыг хийнэ. Мод үржүүлэг-агроэкологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022-2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9,504,000 ширхэг тарьц, суулгац бэлтгэж нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.  2022 онд Зэвсэгт хүчний 014, 256, 336, 350, 353 дугаар ангиудыг жишиг эко ногоон хотхон болгохоор зорилт тавин ажиллаж байна.

 

416 км зам дагуу ногоон бүс байгуулна гэхээр хүмүүсийн ой тойнд буухгүй байж магадгүй. Тэгэхийн тулд мод үржүүлгийн газруудыг аль болох олноор байгуулаад тэр газартаа 2-3 жил тарьж ургуулаад ургасан моднуудаа тухайн бүс нутагт төмөр зам дагуу тарьж ургуулна. Мөн автозам дагуу ногоон байгууламжтай болгоё гэж байна. Энэ зорилтын хүрээнд Зэвсэгт хүчин 27 сая модыг 2030 он гэхэд тарьж ургуулна гэсэн зорилттой байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.