| | USD/MNT 0₮

Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааны ялагчид тодорлоо

Үндэсний Статистикийн Хороо, Британийн Элчин Сайдын яамтай хамтран Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааныг 4 дүгээр сарын 1-ээс эхлэн нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулж, ялагчдыг тодрууллаа.

Шагнал гардуулах арга хэмжээнд ИБУИНВУ-аас МонголУлсадсуугаа Элчин сайд Филип Малон, Элчин сайдын яамны Эдийн засаг, хөгжлийн ажилтан А.Солонго, Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа, Дэд дарга Д.Лхамсүрэн, Бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Саранчимэг, Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн дарга Л.Цэвээнжав болон холбогдох албаныхан оролцсон.

 Энэ үеэр Элчин сайд Филип Малон “Уралдаанд бүтээлээ ирүүлж, шалгарсан оролцогчдод баяр хүргэе. Бид уралдааны шүүлтэд хамтран оролцсон. Та бүхний бүтээл үнэхээр онцгой байсныг онцлох нь зүйтэй. Флоренс Найтингейл нь Кремийн дайны үед шархадсан цэргүүдэд тусламж үзүүлж, сувилагчаар ажиллаж байхдаа цэргүүд юунаас болж нас барж байгаа талаар статистик мэдээллийг инфографикаар бэлтгэн гаргаж байсан. Энэ нь тухайн үеийн эрх баригчдын бодлого, шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж, олон хүнийг амь эрсдэх аюулаас аварч чадсан түүхтэй. Тиймээс түүнийг “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” хэмээн нэрлэдэг. Түүний төрсөн өдрийг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон тэмдэглэдэг. Флоренс Найтингейлийн статистикийн салбарт төдийгүй тухайн нийгэмд гаргасан хувь нэмэр, гавьяаг олон нийтэд түгээх нь бидний хийх ажлын нэг билээ. Тиймээс энэхүү уралдааныг хамтран зохион байгуулсан Үндэсний Статистикийн Хорооны хамт олонд талархал илэрхийлж, жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдэгт найдаж байна” гэсэн юм.

Мөн Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа “Манай хамт олны хувьд Флоренс Найтингейлийн хийж бүтээсэн зүйлийг олон нийтэд түгээх ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байна. Бүтээлч сэтгэлгээ, ур чадвараа сорьж бүтээлээ илгээсэн нийт оролцогчдод талархал илэрхийлье. Эдгээр бүтээл Монгол Улсын нийгмийн асуудлыг хөндсөн, асуудал дэвшүүлсэн, маш чамбай бүтээлүүд байсан. Үндэсний Статистикийн Хорооноос Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааныг цаашид жил бүр зохион байгуулах болно” хэмээн онцоллоо.  

Энэ удаагийн уралдааны зорилго нь Статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn цахим хуудсыг ашиглан тодорхой асуудал дэвшүүлсэн, баримтад тулгуурласан, ач холбогдол бүхий инфографик, зурагт хуудас бэлтгэхэд оршсон юм.

Нийт 70 орчим оролцогч бүтээлээ илгээж, ур чадвараа сорьсон. Үүнээс:

I байр

М.Энхзориг - “Хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд”

II байр

Б.Тунгалагсайхан -“Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хөлстэй болон хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийн ялгаа” 

III байр

С.Ганцогт - “Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, Монгол Улсаас гадаадад хөдөлмөрийн гэрээгээр зуучлагдсан иргэд”

П.Мөнх-Эрдэнэ -“Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүд”

 Зохион байгуулагчийн нэрэмжит шагнал

Х.Хишигсайхан - “Хорт хавдар, Ковидын өвчлөл болон эрүүл мэндийн даатгалын систем”

Ж.Ариунтуяа - “Цэцэрлэгийн хүртээмж” бүтээлээрээ шалгарлаа.

 

 

Флоренс Найтингейлийн нэрэмжит инфографикийн уралдааны ялагчид тодорлоо.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.