| | USD/MNT 0₮

Сэтгэлзүйч Д.Золжаргал:Хүүхдийг хүндэтгэж, хүслийг нь сонсож, зорилгыг үргэлж дэмждэг аав ээж байгаарай

Сүхбаатарын талбай дээр өчигдөр “Хүүхдэд хайртай хүн бол” гэр бүлийн үндэсний өдөрлөг боллоо. Энэ өдөрлөгт хүүхдийн болон гэр бүлийн 50 гаруй сэтгэлзүйч оролцож зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Ингээд хүүхдийн сэтгэлзүйч Д.Золжаргалтай ярилцлаа.

-Хүүхдийг хэвлийд байхаас нь сэтгэлзүйг нь бэлтгэдэг гэсэн үү. Ямар сэтгэлзүйтэй хүүхэд гаргаж, хүмүүжүүлэх нь ээж аавын үүрэг үү?

-Тийм. Хүүхдийн сэтгэлзүйн хөгжлийг хэвлийд байх үеэс нь явна. Хэвлийд байх үеэс нь хүүхэдтэйгээ ярилцах ёстой. Ээжийн зан ааш, сэтгэлзүй ямар байх нь урагт их нөлөөлнө. Ээж нь сэтгэлзүйн хувьд тогтвортой, эрүүл саруул тайван байснаар хүүхэд сэтгэлзүйн хувьд эрүүл саруул, тайван гарна. Хүүхэд төрлөө, хүүхэдтэйгээ харилцахын тулд хамгийн түрүүнд нүд рүү нь харж харилцана, ээнэгшил тогтооно. Төрсөн цагаас нь хүүхэдтэйгээ зөв харилцах ёстой. Түүнээс гэнэт 3 настайгаас нь “За чи ийм хүүхэд байх ёстой” гэж шаардах зүйл биш байхгүй юу.

-Айлын ганц хүүхдийг нийгэмд нийтэд нийгэмшүүлэхийн тулд аав ээж нь яаж ажиллах вэ?

-Тухайн хүүхдийн онцлог байж болно. Гэр бүлийн хүмүүжил бүрэг нээлттэй биш байхад нөлөөлж болно. Миний хувьд ийм хүүхэдтэй яаж ажилладаг вэ гэхээр эхлээд ээж аавтай нь уулзаж ярилцана. Хүүхдийн гаргаж байгаа ааш араншин шалтгааныг аав ээжээс нь сонслоо. Үүний дараа сэтгэлзүйн байдлын оношилгоо хийнэ. Зан төлөвийн хувьд ямар хүүхэд вэ гэдгийг тодорхойлно. Шаардлагатай гэвэл тухайн хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгнө. Ингэж байж илүү нээлттэй, биеэ даасан, нийгмийн харилцаанд орно. Заавал сэтгэл заслын эмчилгээ явагдана. Хүүхэдтэй тоглоомын аргаар тоглох явцад хүүхдэд юу саад болоод байгааг харилцан ярилцаад засал хийнэ.

-Жишээ нь найман настай хүүхэд гэхэд хэт эмх замбараагүй. Идсэн хоолны аяга халбагаа идсэн газраа орхих, хувцсаа тайлсан газраа шууд хаях гэх мэт. Ийм хүүхдийг яаж зөв дадалд сургах вэ?

-Тухайн хүүхдэд өөрийнх нь онцлог байгаад байна л даа. Таны хүсээд байгаа зүйл өөр. Гэвч хүүхдийн нүдээр өөр юм байна.

-Миний хувьд хүүхдээ нямбай бай, чамбай бай гэж том хүнтэй харьцаж байгаа мэтээр шахаж шаарддаг. Гэвч хүүхэд зөрүүдлэх гөжүүдлээд байдаг?

-Ийм бол та эхлээд хүүхдийнхээ асуудлаар мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авах ёстой. Хүүхдэд дэмжлэгт харилцаа маш чухал байдаг. Хүүхдэд санал болгоно. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ харилцахдаа ихэд тушаадаг. Жишээ нь “Тэгчихээрэй, ингээрэй” гэхээр хүүхэд зөрүүдлэнэ, хүлээж авдаггүй. Тэгэхээр хүүхдээсээ “Чи яамаар байна. Эд нартай тоглох уу, юу хиймээр байна. Дуртай зүйлээ хий” гэж чиглүүлэх хэрэгтэй. Олны дунд ордоггүй хүүхэд байвал “Чи тэдний дунд очоод ажиглаад ирээч. Тэд юу тоглож байна хараад ир” гэж чиглүүлнэ. Иймэрхүү байдлаар эелдгээр харилцвал хүүхэд бага багаар нийгмийн харилцаанд чөлөөтэй орно.

-Эцэг эхчүүдийн тухайд бага насны болон өсвөр насны хүүхэдтэйгээ харилцахад, ажиллахад юуг анхаарах вэ?

-Хүүхдийг шүүмжилж буруутгалгүйгээр нээлттэй нэг түвшний харилцаа байх ёстой. Хүүхдийг яг өөрсдийнхөө бодож байгаагаар том хүн шиг харж харьцаж огт болохгүй. Томчууд өөрсдийнхөө бодолд тааруулж хүүхдүүдээ байлгах гээд байдаг сул тал бий. Гэтэл хүүхэд шал өөр ертөнц, өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн өнгөтэй, үзэл бодолтой. Тэрийг нь хүлээн зөвшөөрөх, нэг түвшинд харьцах, нээлттэй байх. Хүүхэд бусдаас хүндэтгэл хүсээд байдаг. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Ярих хэрэгцээ бий. Эд бүгдийг нь эцэг эхчүүд, асран хамгаалагч нар нь хангаж өгөх ёстой.

Өсвөр насны хүүхдүүд бол яг бие хүн болж төлөвшиж байгаа учраас хүний үг авахгүй. Бага насны хүүхэдтэй ч бай, өсвөр насны хүүхэдтэй ч бай эцэг эхчүүд тэднийг сонсч, хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх ёстой. Эцэг эхчүүд ерөнхийдөө 40 хувьд хүүхэд өөрөө эрх мэдэлтэй, 60 хувь эцэг эх чиглүүлэх үүрэгтэй гэсэн балансыг барих ёстой. Хүүхдэд бүх зүйлийг бэлэнчлээд өгөөд байх юм бол юуг ч хамаагүй авдаг болно. Хэзээ ч тийм байж болохгүй. Харин эцэг эхчүүд нь чиглүүлэгч, зөвлөгч байх шаардлагатай. Харилцаандаа анхаарч эцэг эх, хүүхэд 60/40 хувийн харьцаатай байх ёстой.

-Хүүхдийг хүүхэд чигээр нь гээд эрхлүүлээд ажил хийлгэхгүй байлгах нь буруу юу. Эсвэл багаас нь ажилд сургах, ажил хийдэг хариуцлагатай нэгэн болгох шаардлагатай юу?

-Яаж хүүхдээ хөгжүүлэх вэ, яаж өөрийнхөөр нь байлгах вэ гэдэг асуудал. Эхлээд хүүхдээ юу хүсээд байна, ямар хүсэл сонирхолтой байна вэ гэдгийг нь асуугаад тэрэн дээр нь дэмжиж ажиллах ёстой. Түүнээс хүүхдийг шаардаж тушааж "Чи тэрийг хийх хэрэгтэй, энийг ингэх ёстой” гэж захирч шаардахад хүүхэд хийх ч үгүй, хүсэх ч үгүй. Эцэг эхчүүдийн нэг алдаа байдаг. Өөрийнхөө хүсч байгаа зүйлээр хүүхдээ явуулах гээд зүтгээд байдаг. Жишээлбэл, ирээдүйд энэ чамд хэрэг болно. Энийг заавал хийж сур гэх мэтээр дургүй сонгон секцэнд хүчээр явуулаад байдаг. Тиймээс хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нь сонсох хэрэгтэй. Эхлээд санал хүсэлтийг нь сонсоод дуртай дугуйланд нь явуулж, өөрийнх нь хийж чадах зүйлийг хийснээр хүүхэд өөрийгөө таньж мэддэг, илүү нээлттэй, хийж байгаа зүйлдээ дуртай болдог. Олон юманд явж чадаж байж өөрийнхөө дуртай зүйлийг олж хардаг юм шүү. Ядаж л хийж байгаа зүйлээсээ азжаргал авч, өөрийгөө таньж мэддэг, ур чадвараа мэддэг хүүхэд өөртөө итгэлтэй, бие дааж, амжилт гаргадаг. Сэтгэлзүйн хувьд ч эрүүл байна. Тэгээд хүүхдэд хайртай хүн бол хүүхэд бүрийг хайрлан хамгаалж хөгжүүлээрэй гэж хэлье.

О.Сайхан 

Хүүхдийг шүүмжилж буруутгалгүйгээр нээлттэй нэг түвшний харилцаа байх ёстой. Хүүхдийг яг өөрсдийнхөө бодож байгаагаар том хүн шиг харж харьцаж огт болохгүй. Томчууд өөрсдийнхөө бодолд тааруулж хүүхдүүдээ байлгах гээд байдаг сул тал бий. Гэтэл хүүхэд шал өөр ертөнц, өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн өнгөтэй, үзэл бодолтой. Тэрийг нь хүлээн зөвшөөрөх, нэг түвшинд харьцах, нээлттэй байх. Хүүхэд бусдаас хүндэтгэл хүсээд байдаг. Бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ шаардлага байгаа. Ярих хэрэгцээ бий. Эд бүгдийг нь эцэг эхчүүд, асран хамгаалагч нар нь хангаж өгөх ёстой.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.