ТАВАНТОЛГОЙН ОРДЫН НҮҮРСНИЙ ДАВХАРГА БҮРТ МЕТАН ХИЙ БАЙГААГ ИЛРҮҮЛЖЭЭ
“Эрдэнэс Монгол”-ын охин компани “Эрдэнэс метан” Австралийн “Жэйд метан”-тай нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул, хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард байгуулсан. Улмаар хоёр тал хамтран “Метан газ ресурс” компанийг байгуулан ажлаа эхэлсэн юм.
Тавантолгойн орд газарт метан хийн хайгуул хийх төслийн хөрөнгө оруулалтыг “Жэйд метан” компани бүрэн дааж буй. “Эрдэнэс метан” энэ онд таван цооног өрөмдөхөөр төлөвлөсөн бол Австралийн геологичид ордын геологийн тогтоцтой танилцан эрлийн талбайг ялгажээ. Ингэснээр хамтран байгуулсан төслийн компани найман талбайд 500-900 метр гүн цооног өрөмдсөн байна. Нийт 5207.7 тууш метр өрөмдөж, 618 ширхэг нүүрсний дээжид метан хийн бүрэн шинжилгээ хийсэн ажээ.
Тэд хайгуулын үр дүнгийн тайлангаа АМГТГ-ын Газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтын техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, хүлээлгэн өгчээ. Хайгуулын явцад Тавантолгойн ордын нүүрсний давхарга бүрт метан хий байгаа нь илэрсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчид нөөцийг тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байгаа юм.
Метан хий нь тортоггүй, үнэргүй, 98 хувийн шаталттай учир хэрэглээнд нэвтрүүлбэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бүрэн шийдвэрлэхээс гадна дотоодын түлшний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой гэж үздэг. Метан хийг олборлох явцад ихээхэн ус хуримтлагддаг аж. Үүнийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж буй нүүрс баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой. Метан хийн олон улсын зах зээл 2021 он гэхэд таван жилийн өмнөхөөс 5.8 хувиар өснө гэж шинжээчид тооцжээ. Оросын метан хийн зах зээл 34.6, БНХАУ-ынх 14.7, Индонезийнх 14.9, Канадынх 11.1 хувиар өснө гэж таамаглаж буй.
Эх сурвалж: МОНЦАМЭ