| | USD/MNT 0₮

ХОЁРДУГААР САРААС НИЙТ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ

Өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газраас “2020 оноос мөрдөгдөж эхэлсэн нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүд”-ийн талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нэгдсэн мэдээлэл өглөө.

Энэ үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран, Бодлогын хэрэгжилт судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг нар хэвлэл мэдээллийн байгууллагын 55 төлөөллөөр дамжуулан иргэд, даатгуулагчдад дараах чиглэлийн мэдээллийг хүргэв. Үүнд:

МАЛЧИН, ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧИД ТЭТГЭВРИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭ НЭГ УДАА НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО


Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. “МАЛЧИН” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог буюу малын “А” данс бүхий иргэнийг, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж татварын албанд бүртгэлтэй хувь хүний орлогын албан татварын үндсэн ангилалд хамаарах татварын төрлөөс аль нэгийг нь төлсөн иргэнийг ойлгоно. Хуулийн үйлчлэлд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй. Хуулийн хэрэгжилтийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Татварын ерөнхий газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газруудтай хамтран зохион байгуулж байна. Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 000 (420 000*10%) төгрөгөөр тооцож төлнө. Уг хуулийн үйлчлэлд 88,1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34,8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гарсан.

ХОЁРДУГААР САРААС НИЙТ ИРГЭДИЙН ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ


Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэнэ.

ЗАРИМ ИРГЭНИЙ ТЭТГЭВРИЙГ 50 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛНЭ


Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна. Үүнд:
1.1. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
1.2. төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
1.3. нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
1.4. нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.
Уг хуулийн үйлчлэлд дээр дурдсан 4 хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21,2 мянган иргэн хамрагдах бөгөөд 2020 онд 12,7 тэрбум төгрөг зарцуулна.

ТЭТГЭВРИЙГ ДАРААЛСАН 7 ЖИЛИЙН ДУНДАЖ ЦАЛИНГААС ТОГТООНО


Тэтгэврийг даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Хуулийн энэхүү зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарна.

ТӨРҮҮЛСЭН БОЛОН ҮРЧЛЭН АВСАН ХҮҮХДИЙН ТООГООР 1 ЖИЛ 6 САР НЭМЖ ТООЦНО


Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Хуулийн үйлчлэлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа (1 жил 6 сар) нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгуулагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүй.

ХҮҮХДЭЭ АСРАХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙГАА ЭХИЙН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ ТАСРАХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ


Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд:
- Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос;
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас;
- Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө.
Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧ ЭХИЙН ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖИЙГ 100 ХУВИАР ТООЦОЖ ОЛГОНО


Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. /Өмнө нь 70 хувиар тооцдог байсан/

АЛБАН ЖУРМЫН ДААТГУУЛАГЧ ЭХ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЭХ БҮРТЭЭ ТЭТГЭМЖ АВНА


Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Өмнө нь 2 удаа л олгодог байсан/

САЙН ДУРЫН ДААТГУУЛАГЧИЙН ТӨЛӨХ ШИМТГЭЛИЙН ДООД ХЭМЖЭЭ 56700 ТӨГРӨГ


Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56 700 төгрөг боллоо. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй ба сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил байна.

ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭ НЭМЭГДСЭНЭЭР ЗАРИМ ТӨРЛИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ НЭМЭГДЭНЭ


ХХДХ нэмэгдсэнээр гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420 000 төгрөг боллоо. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14 858 төгрөг (420 000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1 129 245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.

ДАРАА САРЫН ШИМТГЭЛЭЭ ТӨЛСНӨӨР САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ГЭРЭЭ СУНГАГДАНА


Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг 1 удаа сунгасанд тооцно. Ингэснээр заавал хэлтэст биеэр ирэх шаардлагагүй болж, сайн дурын даатгуулагчдад чирэгдэлгүй боллоо.

Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно.
Нийгэм

Сэтгэгдэл (19)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.