| | USD/MNT 0₮
Улсын мөнгө улайдаггүй, уйлдаггүй, ёолдоггүй гэгчээр нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсөв хөрөнгөөр бүтээгдсэн Төрийн ордныг хамгаалах “үүрэгтэй” дөрвөлжин шоо хэлбэрийн боржин чулуунууд өнөөдөр хаана байна.
Өнгөрсөн оны сүүлчээр нэлээд шүүмжлэл дагуулсан дөрвөлжин хэлбэртэй цагаан өнгөтэй боржин чулууг төв талбай дээр түр байршуулж, олон нийтийн шүүмжлэлийн “бай” болонгуут нь Нийслэлийн хот тохилжилтын газраас ачаад аваад явчихсан. Хаана аваачсан нь юунд хэрэглэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд энэ асуудал бүр чимээгүй болжээ.
Уг нь иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой, Төрийн тусгай хамгаалалтын захиалгаар, Нийслэлийн Засаг даргын төсвөөр бүтээсэн хамгаалалтын боржин чулуу юм билээ.
Өнгөрсөн зун нийслэлээс “Боржин суварга” компанитай гэрээ хийж, гэрээний үндсэн дээр хийлгэхээр болсон гэдэг. Тус компанийн зүгээс улсын ажил хэмээн үзэж заасан хугацаанд нь шуурхай хийж гүйцэтгэхийн тулд ажилчид нь цаг наргүй ажиллаж, эхний ээлжинд 160 ширхэгийг нь төв талбайд байршуулсан. Харин үлдсэн 200 гаруйг нь өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр хүлээлгэж өгөх ёстой хэмээн ажиллаж байсан юм. Гэрээнд зааснаар бол 25-нд хүлээлгэж өгнө гэдгийг тухайн компанийн захирал Ж.Түвшинжаргал хэлж байсан.
Тэрбээр "Нийслэлийнхэн хуралдсан юм билээ. Ерөнхий сайд оролцсон юмуу. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас тавьсан чулууг ачаад аваад явсан байна. Түүнээс манайх ачаагүй юм шүү. Бидэнд мэдэгдээгүй. Сураг сонсох нь нийслэлийн Хот тохижилтын газраас ачсан бололтой. Төрийн тусгай хамгаалалтын газрынханд зөөхөөр болсон бол хийсэн компаниар нь мэргэжлийн хүмүүсээр нь зөөлгөөрөй гэж хэлсэн юм билээ. Гэвч манайх руу залгаагүй. Хот тохижилтынхон өөрсдөө ачсан. Ачихдаа бүр квошлоод ачсан сурагтай. Миний хувьд сэтгэл эмзэглэж байна. Өөрөө үйл тамаа үзэж, цаг хугацаа зарцуулж хийсэн ажил. Гэтэл Хот тохижилтынхон манай компанийн уран бүтээлийг хог зөөж байгаа мэт ачлаа" гэсэн юм.
Нэг ширхэг чулуу нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болжээ. Нийт 100 гаруй тонн чулуу орсон.
Тэгвэл хийж бүтээсэн 390 гаруй боржин чулууг төв талбай дээр байршуулахгүй, өөр зүйлд ашиглана хэмээн мэдэгджээ. Яг юунд, хаана гэдэг нь тодорхойгүй юм. Арай, нийслэлийн төсвөөс үргүй зардал гаргаж, 152 сая төгрөг салхинд хийсгэчих үү гэж хардах эрх нь олон нийтэд нээлттэй үлдэв.
Нэг ширхэг чулуу нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болжээ. Нийт 100 гаруй тонн чулуу орсон.