| | USD/MNT 0₮

ЗЭЭЛТЭЙ АХМАДУУДАД ЧИХЭР, ЗЭЭЛГҮЙЧҮҮДЭД НЬ ЧИХРИЙН ЦААС АТГУУЛАХААР ШИЙДЖЭЭ

Монгол Улсын тэргүүн Х.Баттулга шинэ оны босгон дээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж баяртай бахтай нь аргагүй хундага барьж байгаад хэлсэн. Энэ асуудлаас болж улстөрчид нь ч нийгэм, олон нийт нь хоёр хуваагдан хэдэн өдөр хэрүүл хэлэлцлийн шинжтэй үйл явдал өрнүүлсээр байна.

УИХ-ын чуулганаар тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжсэн. Харин өчигдрийн чуулганаар нийт ахмадуудын 229 мянган тэтгэврийн зээлтэй байна. Тэдний авсан зээлээс зургаан сая төгрөг хүртэл  төлж өгч, үлдсэнийг нь өөрсдөө тэглэх ёстой гэв.

Ер нь энэ нөхцөл байдлаас харахад зээл авсан иргэд хожсон бололтой. Хэдэн сая төгрөгийн зээл авсан нь хамаагүй, ямар ч байсан зургаан сая хүртэл нь төлж, тэглэж өгөх нь. Тэгвэл зээл огт аваагүй 194 мянган ахмад настнаа төр нь алагчилсан. Тэднийг гомдоохгүй, голыг нь цөхрүүлэхгүй, хоосон үлдээхгүй гэсэндээ нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас буюу ваучерыг ирэх 2021 онд олгоно гэж өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос мэдэгдэв.

Үүнд ард түмэн болоод зээлгүй ахмадууд эгдүүцэж байна. Өөрөөр хэлбэл, зээл авсан ахмадууддаа чихэр атгуулж, зээлгүйчүүдэд нь чихрийн цаас атгуулахаар шийдсэн юмуу даа.

Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэт цаас тараана гээд байгаа. Хэзээ эргэлтэд орох нь тодорхойгүй, өгсөн 1 сая ваучер нь хэзээ мөнгөжих нь ойлгомжгүй тул ахмадууд 1 сая төгрөгийн үнэт цаасаар яг юу хийх вэ дээ. Тэрний оронд адилхан тэгш эрхтэйгээр нэг, нэг сая төгрөг өгсөн бол амьдралд нь илүү дэмтэй гэж харж байна.

Нөгөөтэйгүүр нэг сая төгрөгийн үнэ бүхий ваучерыг эрх баригч намын сонгууль угтсан хоосон амлалт гэж харж, хардаж сууна. Тиймээс жилийн дараа өгнө гэж худлаа хэлж хошгируулж байх шиг. Хэрвээ ирэх зуны сонгуульд МАН ялахгүй бол нөгөө ваучер нь майучер болоод өнгөрөх байлгүй дээ.  

Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялгийг ард иргэдэд тэгш, шударгаар хуваарилна гэж заасан байдаг ч УИХ 410 мянган ахмадаа зээлтэй, зээлгүйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа үзэгдэл болоод байна. Зээлтэй нь хожиж, зээлгүй нь хохироод үлдэх гээд байна. Өөрийнхөө болон үр хүүхдийнхээ амьдрал ахуй, амьжиргаанд нь зориулж авсан тэтгэврийн зээлээ төрөөр тэглүүлэх нь шударга уу. Гэтэл нөгөө талдаа санхүүгийн сахилга баттай, өрхийн орлого зарлагаа сайн хянаж зээл авахгүй яваа ахмадуудын буруу юу. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх зарчим алдагдаад байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс “Тэтгэврийн зээл аваагүй 194 мянган ахмад настанд 2021 оны тавдугаар сарын 1-нд 1 саяын ваучер олгох” шийдэл гаргасан нь нийгмийг хоёр хэсэгт хувааж, үүсээд байсан нөхцлийг улам дэвэргэж, өнөөдөр ард түмэн Сүхбаатарын талбайд гараад жагсах гэж байна. Хэдэн поп гишүүд нь “ахмадуудыг алагчилж болохгүй, адилхан мөнгө авах ёстой” гэж ахмадууд болоод иргэдийг төв талбайд жагсахыг уриалж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан судалгаагаар нийт 410 мянган ахмад настны 229 мянга нь тэтгэврийн зээлтэй бөгөөд ердөө 21 мянга нь зургаан сая төгрөгөөс дээш зээл авчээ.

Харин үлдэж байгаа 220 мянга гаруй нь 6 сая төгрөгөөс доош буюу ихэвчлэн 3 сая төгрөгийн зээл авсан байна. Мөн 194 мянга нь 2021 оны тавдугаар сарын 1-нийг үзэж чадвал 1 саяын ваучер авахаар ялгаварлагдсандаа гомдолтой байна. Тэр ваучерыг юунд хэрэглэж ашиглах юм. Харахад үнэт цаас гэх ч хэзээ мөнгө болж, хэзээ үнэд хүрэхийг хэдэн ахмадууд яаж мэдэх билээ дээ.

Хэдэн сая төгрөгийн зээл авсан нь хамаагүй, ямар ч байсан зургаан сая хүртэл нь төлж, тэглэж өгөх нь. Тэгвэл зээл огт аваагүй 194 мянган ахмад настнаа төр нь алагчилсан. Тэднийг гомдоохгүй, голыг нь цөхрүүлэхгүй, хоосон үлдээхгүй гэсэндээ нэг сая төгрөгийн үнэ бүхий үнэт цаас буюу ваучерыг ирэх 2021 онд олгоно гэж өчигдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос мэдэгдэв.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.