| | USD/MNT 0₮
Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн нутаг дэвсгэр дээр айлын мал хулгайлж махыг нь ченжүүдэд зарах гэж байсан малын бүлэг хулгайчдыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж, этгээдүүдийг газар дээрээс нь дайчлан баривчилсан билээ.
Тэд жилийн хугацаанд айлын бэлчээрт яваа малыг буудан нядалж, мөн орон байр ухаж хулгай хийж байсан этгээдүүд юм. Тэдний 10 нь өмнө нь хулгай болон хүн амины хэргээр ял эдэлж байгаад суллагджээ. Ийнхүү сурсан занг сураар боож болохгүй гэгчээр дахин малын хулгай үйлдэж айлуудыг эдийн засаг эд хөрөнгөөр нь хохироожээ.
Тухайлбал тэд урьдчилсан байдлаар бусдад 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан байна гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоосон байгаа юм.
Гэхдээ тэд мал хулгайлвал Эрүүгийн хуулиар ямар хариуцлага хүлээх үү гэдгээ маш сайн мэдэж, хуулиа судалсан мэргэжлийн хулгайч нар байна. Олон тоогоор нь хулгайлвал эрүүгийн хариуцлага хүнд. Цөөн тоогоор нь цувуулан хулгайлвал хариуцлага бараг хүлээхгүй гэдгээ мэднэ.
Тухайлбал, өнгөрсөн намар Булган аймгаас нэг айлын 13 тооны адуу хулгайд алдагджээ. Цагдаагийн байгууллагаас сэжигтнийг олж барьсан байгаа юм. Харин сэжигтэн этгээд “Би 13 адууг бөөнд нь аваагүй. Зургаа болон долоогоор нь хоёр удаа авсан” гэж мэдүүлжээ.
Уг нь хулгайч 13 тооны адууг хулгайлж авсан. Тэр хулгайч ялаас мултрах аргаа маш сайн мэдэж байгаа юм. Хэрвээ тэр 13 адууг бөөнд авсан гэж мэдүүлсэн бол одоогийн Эрүүгийн хуулийн 17.12-р олон тооны мал хулгайлсан гэдгээр шууд ял авна. Харин зургаа болон долоон тоогоор хулгайлсан гэж цагдаад мэдүүлбэл хуулиар олон тоонд хүрэхгүй учраас хөнгөн ялтай үлдэж байгаа юм. Тэгэхээр малын хулгайч нар ийм л боловсронгуй мэргэжлийн болчихсон байна. Дариухан хуулиа өөрчлөхгүй бол хулгайчид гаарах нь.
Хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн нутаг дэвсгэр дээр айлын мал хулгайлж махыг нь ченжүүдэд зарах гэж байсан малын бүлэг хулгайчдыг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж, этгээдүүдийг газар дээрээс нь дайчлан баривчилсан билээ.