| | USD/MNT 0₮

Хөгжлийн банктай холбоотой нээлттэй сонсгол энэ сарын 29-нд болно

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол болно. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо сонсголыг зохион байгуулна.

Энэ сарын 29-нд 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох сонсгол иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд нээлттэй.

Энэ сарын 24-ний өдрийн 17.30 хүртэл оролцогчдыг бүртгэх тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн бол овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд илгээнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Тамгын газарт албан бичгээр ирүүлнэ.

Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулна. Бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байрлуулах юм байна.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Улсын Их Хурлын Хяналт шалгалт, үнэлгээний газар. /Лавлах утас: 51-261440/

Цахим шуудангийн хаяг:Sonsgol@parliament.mn

Жич:"Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.

Энэ сарын 29-нд 09.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болох сонсгол иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд нээлттэй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.