| | USD/MNT 0₮

ОХУ-д амьдарч байгаа У:Эрхүүд нөхцөл байдал хэвийн байгаа ч дайнд яваад амь эрсэдсэн цэргүүдийг оршуулах ажил явдал их болж байна

 

ОХУ Укриан хоёрын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, олон цэргүүд амиа алдсаар байна. Тухайлбал, ОХУ-ын хугацаат цэргийн алба хаасан цэргүүд дайнд яваад эргэж ирэхгүй байгаа аж. Тодруулбал, буриад цэргүүд олноор амиа алдаж, шарилыг нь эх нутагт нь авчирч чандарлах ажил их өрнөж байгаа ажээ. Аливаа улс үндэстэнд дайн болоход төр засаг нь сум зэвсгээр хангана, баячууд нь хоол хүнсээр хангана, эгэл ардууд өөрсдийн хүүхдээ дайнд явуулна. Харин дайн дуусахад төр засаг нь зэр зэвсгээ арилжиж, баячууд нь барааныхаа үнийг нэмээд зарчихна. Эгэл ардууд нь дайнд яваад амь үрэгдсэн хүүхдүүдийнхээ цогцсыг хайдаг учраас дайн дажин зогсохыг зэвсэгт мөргөлдөөн хийж байгаа хоёр улсын иргэд хүсэж буй.  Ингээд ОХУ-ын мужуудад нөхцөл байдал ямар байгаа талаар Эрхүү хотод ажиллаж амьдардаг монгол эмэгтэйтэй ярилцлаа.

-Таны хувьд аль улсад амьдардаг вэ. Юу хийдэг вэ?

-Би Эрхүүд байна. Энд хувиараа бизнэс эрхэлдэг гэхүү дээ. Гэвч хил хаагдснаас болж бизнес маань зогсонги байдалтай болсон.  

-Эрхүүд нөхцөл байдал хэр байна вэ. Иргэд нь дайн гэхээр их айдаст автсан байгаа болов уу?

-Иргэд нь ерөөсөө айхгүй байна. Украины буруу манайхыг 7-8 жил дарамталсан. Энэ дайн удахгүй дуусна. Гэхдээ дуусахгүй дайн үргэлжилсэн ч гэсэн манай Оросын талын зөв байна гэж ярьцгааж байна билээ. Бид дайн үзсэн ард түмэн айхгүй гэж ярьдаг.

-Оросын төв телевизээр дайных нь талаар мэдээлэл гардаг юмуу?

-Мэдээлэл нь хаалттай. Украинтай зэвсгээр байлдаж байгаа талаарх мэдээллийг гаргахгүй байх шигээ. Гадуур явж байгаа мэдээ мэдээлэл, бичлэг бол хувь хүмүүсийн хийсэн бичлэг л инста болон фэйсбүүкээр тарсан байсан. Түүнээс албаны гэх мэдээлэл гараагүй. ОХУ-ын нэгдүгээр сувгийг үзэхээр дайны талаар юу ч гарахгүй. Мэдээ нь цаг агаарын мэдээ, хошин шог гэх мэт өдөр тутамд гардаг мэдээллүүдээ гаргаж байна билээ.

-Орос бол том гүрэн улс. Гэвч энэ дайны хор уршгаар эдийн засаг болон бусад зүйлд сөрөг нөлөө үзүүлэх вий гэж учир мэдэх эдийн засагчид яриад байгаа. Манайх дунд нь байгаа жижиг улс болохоор бас болгоомжлоод байгаа?

-Ийм дайн боллоо гээд Орос бол яах ч үгүй, эдийн засаг нь хэцүүдэж донслох ч үгүй. Том гүрэн шүү дээ. Путины ганц буруу зүйл нь Украин болон энгийн иргэд рүү дайрч байгаа явдал юм. Гэхдээ энд оросууд нь Путины зөв, Украины буруу гэж үзэж ярьж байгаа юм билээ. Оросын ард түмэн Укрианд их дургүй байгаагаа үг үйлдлээрээ илэрхийлсээр байгаа.

-Буриад цэргүүд олноороо амиа алдаж байгаа гэх мэдээлэл байх юм. Энэ үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. Буриадад өдөр болгон дайнд яваад амь эрсэдсэн цэргүүдийн шарилыг авч ирж байна. Өдөрт л 20-40 шарил онгоцоор бууж байна. Ажил явдал нь манайхтай яг адилхан. Буриад бол манай Монгол гэсэн үг шүү дээ. Энд хэн ч хүүхдээ дайнд явна гэж бодоогүй үзээгүй байх. Буриадууд 200 ирж байгаа гэж яриад байсан. Ямар учиртай юм бол гээд асуусан чинь шарилаа тэгж нэрлэдэг юм билээ.

-Буриад цэргүүд гэхээр цэргийн алба хаасан залуусыг хэлж байгаа байх?

-Тийм. Хугацаат цэргийн алба хаасан хүүхдүүдийг Путин Укриан рүү хээрийн сургуулиалт нэртэй явуулаад дайнд оруулаад амийг нь өргүүлж байна. Дайн бол хүсэх юм биш. Хэдий би хүүхдээ явуулаагүй хамаатан саднаа явуулаагүй ч бодохоор харамсалтай хэцүү байна. Хүний амь нас хохирч байгааг бодохоор өрөвдөөд байх юм. Укрианд ч ялгаагүй хүний амь хохирч байгаа болохоор хэцүү байна. Тэнд энгийн ард иргэдийн амь хохирч байгааг харахаар үнэхээр хямардаг /уйлав/. Хүний амь гэдгээрээ хэцүү байна. Гэхдээ сайхан цаг ирэх л байлгүй дээ. Энд ах эгч хоёр байдаг. Нөхөр нь Монгол эхнэр нь Орос, өнгөрсөн жил хүүхэд нь нас биед хүрээд бид нар цэрэгт явуулах гэтэл хүүхэд нь хараа муу гэдгээрээ тэнцээгүй. Гэхдээ тэр хүүхэд нь одоо Москвад ажил хийдэг юм. Цэрэгт явуулаагүй нь болж тэнцээгүй нь болж гэж ярьцгааж байна. Хугацаат цэргийн алба дээрээс нь гэрээт цэрэг гэж байгаа. Хугацаат цэргийн алба хаасан хүүхдүүдийг хээрийн сургуульд Укриан руу явуулсан. Тэгээд эргэж ээж аавдаа эсэн мэнд ирэхгүй байгаа нь харамсалтай. Хэдий тайван байгаа ч цаанаа бол айдас хүйдэстэй байгаа.

-Харамсалтай юм. Цэргийн тангарагтай тушаал авсан бол тэгээд дайнд явах байх даа?

-Манай нэг буриад найз эмэгтэй байдаг. Тэрний нөхөр цэргийн алба хаасан. Нөхөр нь “Одоо намайг яв гэх байхдаа. Явж л таарна. Эргэж ирэх эсэхийг бол хэлж мэдэхгүй байна” гэж ярихыг нь сонсоод үнэхээр өрөвдсөн. Оросууд өөрсдийгөө явуулахгүй, монгол гэсэн цустай буриадуудыг дайнд явуулаад байна гэж яриад байна билээ. Тэгэхээр тэргүүн фронтод буриадууд яваад байх шигээ.

-Хэн ч дайныг хүсэхгүй шүү дээ. Энх тайван цаг ирээсэй?

-Харин тиймээ. Би Путин болон Украины талд ч орохгүй. Надад их хэцүү гунигтай байна. Дайн зогсоосой тайван байгаасай гэж бодож байна.

-Оросууд нутгаасаа гарч байна гэх мэдээлэл үнэн үү?

-Үнэн байна. Би Мексик руу явах гээд онгоцонд суудал захилах гэтэл суудал олдоогүй. Оросууд худалдаад авчихсан зарим нь Зүүн ази руу явж байна. Ихэвчлэн залуучуудаа гадагш нь гаргаж явуулж байгаа харагдана.

-Нөхцөл байдлаас болж рублийн ханш нэмэгдэж, рубль нөөцлөх явдал их байна гэж яриад байгаа?

-Ойлгохгүй байгаа зүйл энэ. Монголоос мөнгө авах нь сайхан байна. Гэтэл ханшийн зөрүүн дээр ажиллана гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. 1 сая рублийг бэлэн мөнгөөр авна гээд зар тавиад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Ханшийн зөрүүн дээр ажиллаад байх шиг. Хэн ханшийн зөрүүн дээр тоглолт хийгээд байна гэж хардахаар. Их хэмжээгээр авна дарна гээ байгааг ойлгохгүй байна.

-Эрхүүд бол нөхцөл байдал харьцангуй гайгүй байгаа гэж ойлголоо?

-Миний байгаа Эрхүү мужид харьцангуй тайван байна. Укрианы хилээс хол. Харин Санктпетербург Москвад нөхцөл байдал ширүүн байгаа юм шиг байна билээ. Хилийн ойролцоо байгаа мужуудад асуудалтай байж магадгүй. Бас олон нийтийн сүлжээг цаанаас нь хаагаад байгаа. 

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үү?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дайн болсны дараа бага багаар буюу өдрөө өдрөөр өссөн. Гэтэл одоо бүр хориг тавьж байна. Би Монгол руу Хөдөө аж ахуйн чиглэлийн тоног төхөөрөмж оруулах гээд ярьчихсан байсан чинь хилийн хориг тавьчихсан. Хүнсний бүтээгдэхүүн оруулбал болох байх.  Банкууд ачаалалтай ажиллаж байгаа. Иргэд нь бэлэн мөнгө биедээ авч байна. Картандаа мөнгөгүй байлгахгүй гэж. Мөн тэр хэрээр дэлгүүрүүд тэр хэрээр хямдрал зарлаж байна.

-Одоо та наанаа бүр суурьшсан уу?

-Би АНУ руу гарах гээд хөөцөлдөж байгаа. Агаарын хил гэхээр надаас шалтгаалахгүй байх. Гэхдээ л дайн энэ тэрээс шалтгаалаад айдас хүйдэстэй байна.  Энд тийм ч таатай сайхан биш. Монгол руу бол явахгүй. Ковид гарсны улмаас ажил төрөл ч үгүй бизнес ч байхгүй шүү дээ.

О.Сайхан 

Хугацаат цэргийн алба хаасан хүүхдүүдийг Путин Укриан рүү хээрийн сургуулиалт нэртэй явуулаад дайнд оруулаад амийг нь өргүүлж байна. Дайн бол хүсэх юм биш. Хэдий би хүүхдээ явуулаагүй хамаатан саднаа явуулаагүй ч бодохоор харамсалтай хэцүү байна. Хүний амь нас хохирч байгааг бодохоор өрөвдөөд байх юм. Укрианд ч ялгаагүй хүний амь хохирч байгаа болохоор хэцүү байна. Тэнд энгийн ард иргэдийн амь хохирч байгааг харахаар үнэхээр хямардаг /уйлав/. Хүний амь гэдгээрээ хэцүү байна. Гэхдээ сайхан цаг ирэх л байлгүй дээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.